63qd3dv1uhkte0n00k84rho8dm_b

Монголд шатахууны үнэ хэрхэн өсдөг вэ?

Манай улсад шатахууны үнэ дөрвөн шалтгааны улмаас өсдөг. Нэгдүгээрт, дэлхийн зах зээл дээрх нефтийн ханш, хоёрдугаарт, ам.долларын ханш, гуравдугаарт, ОХУ-ын татвар, дөрөвдүгээрт, дотоодын Онцгой албан татвар.

Үүнээс эхний гурвыг нь бид хянах аргагүй. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр шалтгааныг ОПЕК болон томоохон улсуудын шийдвэр, улс төрийн нөхцөл байдал, эрэлтээс шалтгаална. Тухайлбал, АНУ Иранд хориг тавьснаар оны эхэнд 54 ам.доллар байсан ханш 74 ам.долларт хүрээд бууж байна. Энэ өсөлт нь сарын дараа манайд нөлөөлж өнгөрсөн долоо хоногт шатахууны үнэ төрлөөсөө шалтгаалаад 80-150 төгрөгөөр нэмэгдсэн.

Хоёр, гуравдугаар шалтгааныг ерөнхийд нь Доналд Трамп, Путины шийдвэрээс гэхэд болно. Ингэхээр Монгол Улсын хэмжээнд зохицуулж чадах ганц шалтгаан нь Онцгой албан татвар. Эхний гурван шалтгааны улмаас дотоодод шатахууны үнэ өсөхөд Онцгой албан татвараа бууруулах, ханш буурахад татвараа нэмэх зэргээр удирдаад явах боломжтой. Гэвч одоо үүнийг бас дотооддоо шийдвэрлэх аргагүй болсон.

Учир нь, 2017 оны сүүлээс газрын тосны ханш дэлхийн зах зээл дээр өсөж, түүний хажуугаар ОУВС-гийн өмнө хүлээсэн үүргийн дагуу дотоодод онцгой албан татвар нэмэх шийдвэр гарсан. Тэгснээр 2017-2018 онд шилжих босгон дээр импортлогчид үнээ нэмж, шатахууны хязгаарлалт хийсэн. Тухайн үед иргэдийн өргөн хэрэглээний Аи 92 шатахууны үнэ 1630 төгрөгөөс даруй 1730 төгрөгт хүрсэн. Ингэснээр Засгийн газраас ОУВС-тай дахин зөвшилцөж, шийдвэрээсээ татгалзахыг хүссэнээр өнгөрсөн оны нэгдүгээр сарын 24-нд Аи 92, Аи 80 автобинзений татварыг тэглэсэн. Ингээд дотоодын жижиглэнгийн шатахууны үнийг удирдах ганц боломжоо Засгийн алдсан юм. Иймээс л “Шатахууны үнийг буулгаж чадахгүй” гэдэг мэдэгдлийг Засгийн газрын тэргүүн хийсэн хэрэг.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих