tsergiin-naadam-2019

Х.Санчирдорж: Танкчид амжилтаа ахиулж, 23 орноос тавдугаар байрт эрэмбэлэгдлээ

“Цэргийн наадам-2019” олон улсын тэмцээн энэ сарын 3-нд дэлхийн 10 улсад нэгэн зэрэг нээлтээ хийж 39 орны 223 тамирчин цэргийн мэргэжлийн 32 төрөлд өрсөлдсөн. Манай улсаас “Танкийн биатлон” тэмцээнд ЗХЖШ болон есөн ангиас бүрдсэн баг өрсөлдсөн билээ.

Тус тэмцээний талаар багийн ахлах дасгалжуулагч ЗХЖШ-ын Ар талын газрын Техник хангалтын хэлтсийн мэргэжилтэн хошууч Х.Санчирдоржоос зарим асуултад хариулт авлаа.

-“Танкийн биатлон” тэмцээнд хэдэн орны тамирчид оролцсон бэ?

-”Цэргийн наадам-2019” олон улсын тэмцээнд дэлхийн 23 орны 69 экипажийн 207 танкчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин уралдсан. Манай улсын шигшээ багийн танкчид энэ жил өмнөх амжилтаа ахиулснаар уралдаанаа өндөрлөсөн. Тодруулбал эхний хэсэгтээ Казахстан, Сири, Венесуэл улсын багтай учраа таарч, хагас шигшээ уралдаанд орох эрхээ авч чадсан билээ. Харин энэ сарын 12–нд болсон хагас шигшээ уралдаанд ОХУ, Беларусь, Венесуэл улсын танкчидтай таарч буухиа хэлбэрээр баг тус бүрийн гурван экипаж уралдсанаас нэг цаг 58 мин 57 сек-ийн хугацаанд ОХУ, Беларусь улсын дараагаар гуравдугаар байрт барианд орсон.

~Танкчид амжилтаа ахиулж, 23 орноос тавдугаар байрт эрэмбэлэгдлээ~

-Тэмцээний явцын талаар мэдээлэл өгөөч?

-Тэмцээний эхний өдөр манай нэгдүгээр экипаж буудлага 80 хувьтай, нийт таван байгаас нэг бай алдан хэсэгтээ хоёрдугаар байрт орсон. Хамгийн хүчтэй багуудтай нэг гараанд гарсан. Нэгдүгээр шатанд ганцаарчилсан болон экипаж тус тусдаа уралддаг. Хоёрдугаар шатны уралдаанд экипажууд нэгдэж, гурван экипаж буухиа маягаар уралдсан. Манайх энэ жил хагас шигшээ, ганцаарчилсан уралдаанд нэлээд амжилттай оролцсон. Энэ нь өнгөрсөн жилийн амжилтаа гурав орчим минутаар ахиуллаа. Гурван экипаж тус тусдаа уралдсан ч багийн амжилт нэлээн өндөр гарсан. Нийт 15 байгаас 14 бай устгасан амжилттайгаар бусад багаас тавдугаар байрт шалгарч хагас шигшээд орсон. Манай багийн өмнөх байрт ОХУ, Беларусь, БНХАУ, БНКазУ-ын баг тамирчид багтсан.

-Монголын баг өнгөрсөн жил “Танкийн биатлон” тэмцээнд хэддүгээр байрт орсон бэ. Энэ чансаагаа ахиулсан уу?

-Манай улсын баг өнгөрсөн жил долоодугаар байрт орсон байдаг. Харин энэ жил БНЭУ тэмцээнд оролцоогүйн улмаас нэг байраар ахиж нийт 23 багаас Монгол Улсын Зэвсэгт хүчний танкчид зургаадугаар байрт чансаа ахиж, сугалаа сугалсан. Ийн энэ сарын 4, 6, 8-ны өдрүүдэд БНКазУ, БНВенУ, Сери улсын багтай нэг гараанд уралдсан. Нийт багийн дүнгээрээ 23 орноос тавдугаар байрт шалгарсан.

-“Танкийн биатлон” тэмцээний уралдах зам хэчнээн км үргэлжилдэг вэ?

-Хагас шигшээд нэг танкаар гурван экипаж уралддаг. Тэмцээний зам 11, саад 4.1 км урттай. Нэг танкаар гурвуулаа давхар уралдаж, нийт багийн дүнгээр нэг цаг 11 минут 57 секундийн амжилт гаргасан.

-Уралдааны явцад техникийн ямар нэг эвдрэл гэмтэл үүссэн үү?

-Бид сар гаруй хугацаанд бэлтгэл нэлээн сайн хийсэн. Хамгийн муу буудлаа гэхэд 75 орчим хувьтай өндөр хэмжээнд буудлага хийгдсэн. Харин их буутай буудлага явагдахад бэлтгэл сайн хангасан ч олон хүчтэй саадыг туулах явцад их бууны тохиргоо алдагдаж, техникийн саатал гарсан. Тиймээс дараа жил өрсөлдөхдөө хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэж, бэлтгэлээ улам сайн хангах шаардлага бий.

эх сурвалж: mnb.mn

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих