5c807d9b002b8

Уул уурхайн салбар 24 цаг “зогсолт” хийнэ

Уул уурхайн үндэсний ассоциацаас ирэх дөрөвдүгээр сарын 03-нд “Зогсох эрхгүй-24 цаг” хөдөлгөөнийг зохион байгуулахаар болжээ. Олон нийтийн сүлжээг ашиглан зохион байгуулах энэхүү хөдөлгөөний зорилго нь уул уурхайн салбар улс орны эдийн засагт ямар үүрэгтэйг макро болон микро түвшинд хийсэн судалгаа, статистик мэдээлэл тулгуурлан харуулах, хариуцлагатай уул уурхайн талаар иргэдэд тодорхой, цэгцтэй ойлгол өгөхөд чиглэх юм байна.

Энэ хүрээнд бүтэн нэг хоног буюу 24 цагийн дотор уул уурхайн салбар улс орны эдийн засагт ямар хэмжээний үр өгөөж өгдөг вэ гэдгийг салбарын яам, агентлаг болон Үндэсний статистикийн хорооны тооцоолж гаргаснаар олон нийтэд хүргэхээр төлөвлөжээ.

Судалгааны дүнгээс сонирхуулахад, 2019 оны нэг, хоёрдугаар сарын дүнгээр уул уурхайн салбараас улсын төсөвт 478 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнийг нэг хоногт хуваан тооцож үзэх юм бол 24 цагийн хугацаанд уул уурхайгаас 8.1 тэрбум төгрөг төсөвт орж байгаа аж.

Нэг хоногт уул уурхайн салбараас төвлөрүүлж буй мөнгөний 40 хувийг нь ашигт малтмалын нөөц ашигласны татвар эзэлдэг байна. Энэ мөнгөөр 50 өрхийг орон сууцжуулах боломжтой. Дээрх 8.1 тэрбум төгрөгийн 10 хувийг уул уурхайн салбарын нийгмийн даатгалын шимтгэлээс төвлөрүүлдэг бөгөөд үүгээр  37720 төрийн албан хаагчийн нэг сарын цалин, 70887 өндөр настны нэг сарын тэтгэврийг өгч болох ажээ. Эсвэл 24 цагийн дотор уул уурхайгаас оруулж буй нийт мөнгөөр 1000 хүүхдийн цэцэрлэг барьж болно.

Эсрэгээрээ уул уурхайн салбар нэг хоног сул зогсох юм бол эдийн засагт мөн ийм хэмжээний алдагдал хүлээнэ гэсэн үг. Зөвхөн ийнхүү мөнгөн дүнгээр илэрхийлэхээс гадна уул уурхайн үр өгөөжийг нийгмийн олон салбарт оруулах материаллаг болон материаллаг бус ашиг шимээр хэмжиж болно. Энэ талаарх мэдээллүүдийг “Зогсох эрхгүй-24 цаг” хөдөлгөөний үеэр олон нийтэд нээлттэй түгээх ажээ. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбар олон нийтийн сүлжээнд “24 цагийн зогсолт” хийх юм байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих