Ih-hurliin-darga-Enkhbold

УИХ-ын дарга М.Энхболд ард түмнээсээ УУЧЛАЛ гуйх уу…

~УИХ-ын дарга М.Энхболд ард түмнээсээ УУЧЛАЛ гуйх уу…~

60 тэрбумтай холбоотой хэрэг сунжран сунжирсаар УИХ-ын дарга М.Энхболдыг өөрөө хэргээ хүлээж, ард түмнээсээ уучлал гуйж, АТГ-аар шалгуулах гэсэн шахаанд оруулахад хүргэв.

Түүний уучлал гуйх хугацаа гурав хоногийн дараа болно. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулахыг шаардсан 26 гишүүн нийлээд тэмцэл өрнүүлж, жагсах болно гэдгээ хатуугаар анхааруулсан. Би чадна шүү гэдгээ Л.Оюун-Эрдэнэ гишүүн Төрийн ордны мэдээллийн индрээс заналтайгаар хэлсэн нь УИХ-ын даргын зүрхэнд шар ус хуруулах дөхсөн байна.

Албан бус мэдээгээр М.Энхболд нийслэлийн бүлгийн хүмүүстэйгээ сэм уулзаж ямар ч гэсэн уучлалт гуйж түр зуур гал унтраая. Ингэхгүй бол жагсаал хийж, асуудлыг улам дэврээх нь гэсэн яриа хийсэн тухай хэвлэлээр шуугиж байна. Үнэхээр тийм зүйл ярьсан бол Л.Оюун-Эрдэнийн тэмцэл биелэлээ олох нь.

Даравч далдайна, булавч бултайна гэдэг нь энэ байх. Энэ бол эвлүүлэг, миний нэр төрд халдсан үйлдэл, АН-ынхан санаатайгаар ийм бусармаг зүйл хийлээ. Би хэзээ хаана очиж, юу ярьснаа хэнээс илүүгээр сайн мэднэ хэмээн арьсаа хамгаалж гүлдийж суусан тэрбээр саяхнаас хэргээ хүлээж эхэлсэн тухай МАН-ынхан өөрсдөө шуурав.

Тодруулбал МАН-ын дэргэдэх хяналтын ерөнхий хороонд бичиж өгсөн тайлбартаа “Миний бие Ц.Сандуй нарын ярьсан 60 тэрбум төгрөг босгох схемийг сонссон. Гэхдээ хэрэгжүүлээгүй. Үүнд нэр холбогдож намынхаа нэр хүндэд сэв суулгасан даа харамсаж байна” хэмээн бичсэн тухай мөн л сошиалаар, хэвлэл мэдээллийн зарим сувгаар явсан.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ түүнд хандаж нэгдүгээрт ард түмнээсээ уучлал гуйх, хоёрдугаарт, өөрөөсөө өргөдлөө өгөн албан тушаалаасаа чөлөөлөгдөн АТГ-аар шалгуулах, гуравдугаарт, ээлжит бус чуулган зарлан хуралдуулж АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлүүлэх гэсэн зарчмын гурван саналыг тавьж 2018 оны 08 дугаар сарын 20-ны дотор энэ гурвыг биелүүл хэмээн тулган шаардаж байгаа юм.

Харин УИХ-ын дарга ийм зүйл хийж чадах уу… Тэр эр хүн шиг уучлал гуйчихаад, Ж.Бат-Эрдэнэ сайд шиг ажлаа өгчихөөд, Ц.Элбэгдорж шиг шалгуулж, гэм буруугүй гэдгээ нотлуулж чадах болов уу…

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих