said-Sumyabazar

“Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал боллоо

~“Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал боллоо~

Шатахууны үнэ өсгөхгүй байх хувилбарыг судалж байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам “Эрдэнэс-Тавантолгой”/ЭТТ/ компанийн 30 хувьд IPO гаргах бэлтгэл ажлыг хангаж байгаа юм байна. Тодруулбал, IPO гаргах асуудлаар Ажлын хэсэг байгуулж, ЭТТ компани дээр хөрөнгийн зах зээл хариуцсан дагнасан нэгж байгуулжээ.

Биржээр хувьцаа арилжаалахад хуулийн зөвлөгөө авах олон улсын компани шалгаруулах ажлыг эхлүүлжээ. Мөн нүүрс угаах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг шинэчлэх ажил хийгдэж байгаа аж. Удахгүй Монголын хөрөнгийн бирж дээр ЭТТ компани хувьцааны бүртгэлээ хийлгэх юм байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар цаг үеийн зарим сонирхсон асуултад хариуллаа.

-Оюутолгой компанийн үйл ажиллагаанд дөрвөн ч газраас шалгалт хийж, нэлээд хэдэн зөрчил илрээд байна. Энэ төсөл цаашид тууштай хэрэгжих үү гэдэг дээр хариулт өгнө үү?

-Оюутолгой бол Монголын төсөл. Төсөл зогсоно гэж байхгүй. Үйл ажиллагаа хэвийн явуулах тал дээр байнга анхаарч ажиллана. ЭТТ олон улсын зах зээлд IPO гаргаж, Тавантолгой төслийг явуулах гэж байгаа энэ үед Оюутолгой төслийг гацаана, зогсооно гэж ярьж болохгүй. Мэдээж төсөл хэрэгжих явцад алдаатай зүйлүүдийг засч, залруулах ёстой.

-Оюутолгойг дагасан цахилгаан станц барих ажилд ахиц гарсан уу?

-Хариуцсан салбарын сайд нь байр сууриа илэрхийлсэн байсан. Оюутолгой компани хөрөнгө оруулалтын гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй. Харин ямар арга хэлбэрээр хэрэгжүүлэх вэ гэдэг сонголтыг Оюутолгой компанид өөрт нь олгосон байгаа.

-Нефть боловсруулах үйлдвэрийн явц ямар байна вэ?

-Есдүгээр дүгээр сарын 16-нд Энэтхэгээс албаны хүмүүс ирнэ. Зөвлөх үйлчилгээ үзүүлж компанийн хүмүүс ч ирнэ. Энэ үеэр төслийн ТЭЗҮ-г эцэслэн тохирно. Дараа нь Эрдэс баялгийн зөвлөлөөр оруулж батлуулна. Ажил гүйцэтгэлийн явц төлөвлөгөөний дагуу явж байгаа. Нийт 173 мянган талбайд хөрс хуулалт хийж, далангийн ажил үргэлжилж байна.

-Гурван улсын холбосон хийн хоолой дамжуулах төсөл дээр ямар нэгэн ахиц гарсан уу?

-Монгол Улсын нутаг дэвсгэрээр хийн хоолой дамжуулах асуудлыг Монгол хүн бүр төр засгийн зүгээс дэмжиж байгаа. Төслийг хэрэгжүүлэхэд ярилцах, тохирох асуудал бий. Улс орны хэмжээний чухал асуудлыг ҮАБЗ-өөр ярилцаж томоохон шийдвэр гарах болов уу.

-Шатахууны үнэ тасралтгүй өсч байна. Салбарын яамны зүгээс ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

-Нэн тэргүүнд шатахууны нөөцөө хангалттай төвшинд хадгалж ажиллаж байна. Шатахууны үнэ өсч байгаа нь дотоодын хүчин зүйлтэй огт холбоогүй. Иран, Туркт үүссэн асуудлаас үүдэж дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ тасралтгүй өсч байна. Гадаад зах зээлийн үнээс шууд хамааралтайгаар жижиглэнгийн үнэ өсч байна. Иранд тавьсан хоёр дахь хориг хэрэгжих ирэх арваннэгдүгээр сараас үнийн огцом хэлбэлзэл үүсч магадгүй байна.

Сангийн яамтай хамтран дотооддоо шатахууны үнэ өсгөхгүй байх тал дээр олон хувилбар дэвшүүлж судалж байна. Өнөөдрийг хүртэл шатахууны Онцгой албан татварыг тэглэж ирсэн. Энэ эсвэл ирэх долоо хоногийн Засгийн газарын хуралдаанд Сангийн сайд олон хувилбарууд оруулж ирэхээр болсон. Дотооддоо үнэ нэмэгдэхгүй байх талаас нь хувилбаруудыг ярина.

-Дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсөхөд нь үнээ дагаад өсгөдөг хэрнээ буурахад нь яагаад буулгадаггүй юм бэ?

-Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат: 2016 оны нэгдүгээр сараас газрын тосны үнэ тасралтгүй өсч байна. Цаашид ч өсөх төлөв ажиглагдаж байна. Буурах үед нь онцгой албан татварыг нэмж байсан. Ийм хэлбэрээр зохицуулж байсан.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих