delhiin-ediin-zasgiin-chuulgan-2019

Дэлхийн Эдийн засгийн чуулганыг АНУ, ОХУ, Их Британи, Франц зэрэг орнууд өнжиж байна

Давосын эдийн засгийн 49 дэх удаагийн чуулган өнөөдөр /2019-01-22/ эхэлнэ. Эхэндээ тус чуулганд 60 орны төр, засгийн тэргүүн оролцоно гэж байв. Гэвч дотоод дахь асуудлаасаа үүдэн зарим орны төр засгийн тэргүүнүүд оролцохгүй гэдгээ мэдэгдээд буй. АНУ, ОХУ, Их Британи, Франц зэрэг олон орны төлөөлөл оролцохгүйгээр өнжиж байгаа юм.

Дөрвөн хоног үргэлжлэх энэ удаагийн чуулган нь “Дөрөв дэх үеийн даяарчлалыг бүтээх нь” сэдэв дор болох юм. Урьдчилсан тооцоогоор улс төр, бизнес, эдийн засгийн салбарын гурван мянган төлөөлөгч оролцох бололтой. Чуулганд оролцогчид юуны өмнө “глобальчлал буюу дэлхийн даяаршлын асуудал”-д гол анхаарлаа хандуулах гэнэ. Мөн кибер аюулгүй байдал, криптовалют, тоон эдийн засаг гэх мэт санхүү эдийн засгийн салбарын тулгамдсан болон бусад асуудлаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Давосын эдийн засгийн чуулганыг 1971 оноос эхлэн явуулах болсон. Жил ирэх тутам хүрээгээ тэлж, хэлэлцэх асуудал ч нэлээд өргөн хүрээг хамраад буй. Энэ удаагийн чуулганд оролцож буй дэлхийн нөлөө бүхий удирдагчдыг дурдвал ХБНГУ-ын канцлер А.Меркель, Японы ерөнхий сайд Ш.Абэ, Хятадын засгийн газрын дэд тэргүүн Ван Кишан, Их Британийн үе залгамжилсан хунтайж Уильям, Бразилийн ерөнхийлөгч Жайр Болсонаро, Израилийн ерөнхий сайд Б.Нетаньяху зэрэг төр засгийн тэргүүлэгчид хүрэлцэн очиж байгаа юм.

Энэ жилийн Давосын чуулганаар эдийн засгийн өсөлт, нийгмийн салбарын өнөөгийн байдал, уялдаа холбооны талаар форумыг үүсгэн байгуулагч, профессор Клаус Шваб тусгай илтгэл тавих гэнэ.

Чуулганы хаалтын өдөр ОУВС, Дэлхийн банк, олон улсын банк санхүүгийн байгууллагын төлөөлөгчид оролцсон тусгай чуулганыг мөн зохион байгуулах аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих