~”Oil and Gas-2018″ хэлэлцүүлэг боллоо~
“Газрын тос-2018” (Oil and Gas-2018) сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, онол-практикийн XXIV хурлыг ШУТИС-ийн Номын санд зохион байгууллаа.
Хурлын үйл ажиллагааг ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тосны инженерийн салбарын зөвлөх профессор, Монголын газрын тосны инженерийн нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал, доктор (PhD), профессор Ж.Цэвээнжав нээсэн бөгөөд “Газрын тос ба үндэсний аюулгүй байдал” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Тэрээр “Газрын тосны салбар бол аливаа улс орны, түүний дотор манай орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, эдийн засагт стратегийн бөгөөд суурь ач холбогдолтой салбар юм. Гэтэл өнөөг хүртэл энэ салбарын хайгуул-олборлолтыг зөвхөн хөрөнгө оруулалтын, тэгэхдээ бараг гадаадын хөрөнгө оруулалтын талбар, нөгөө талаас худалдаа-арилжааны талбар гэдэг талаас авч үзэх нь учир дутагдалтай байна.
Газрын тосны салбарт Монголын төрөөс 2017 он хүртэл баримтлах бодлогыг УИХ-аар батлан хагас дутуу хэрэгжүүлсэн боловч 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш энэ салбар бодлогогүй явж ирлээ” хэмээн ярьж байлаа.
Газрын тосны салбарт Монголын төрөөс ойрын буюу 2020 он, хэтийн буюу 2030 хүртэлх бодлогын талаар мэргэжлийн холбоодын зүгээс саналаа хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу байхгүй, таг чиг болчихлоо гэдгийг тэрээр мөн онцолж байсан.
Газрын тосны тухай хуульд газрын тосны хайгуул-олборлолт-тээвэрлэлтийн үйл ажиллагаанд үндэсний байгууллага, мэргэжилтнүүд, ажиллагсад давамгайлан оролцох асуудлаар нэн яаралтай өөрчлөлт оруулах хэрэгтэй байгааг хуралд оролцогчид илэрхийлсэн.
Мөн Газрын тосын бүтээгдэхүүний тухай хуульд газрын тос боловсруулах үйлдвэрлэл явуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх, таатай нөхцөл бүрдүүлэх тухай, тосны бүтээгдэхүүний үнийг чөлөөлж, хангалтыг олон талын болгох зэрэг заалтыг нэмж оруулах саналыг дэвшүүлж ч байсан юм.
Монгол улсын газрын тосны салбарт 1950-иад онд Зүүнбаянгийн газрын тос боловсруулах үйлдвэр ажиллаж газрын тосны бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээний тодорхой хувийг хангаж байв. Тус үйлдвэр нь Дорноговийн сав газрын Зүүнбаян, Цагаан-Элсний газрын тосны ордод түшиглэн байгуулагдсан ба түүхий эдээ 100% татван авч байсан түүхтэй.
Түүнээс хойш буюу Монгол улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш газрын тос боловсруулах үйлдвэр барихаар 10-аад төсөл боловсруулсан боловч амжилтанд хүрч байсангүй. Харин 2017 онд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн төслийг БНЭУ-ын 1 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн шийдвэрлэхээр болж байгаа билээ.
Энэ хүрээнд Монгол улсын Засгийн газар өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 4-нд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийг байгуулсан. Гэвч олон асуудал тодорхой бус байгаагийн нэг нь тус үйлдвэрийн түүхий эдийн хангамжийн асуудал юм.
Иймд түүхий эдийн хангамжийг нэгдүгээрт дотоодын газрын тосны нөөцөд тулгуурлах, хоёрдугаарт импортын түүхий эдийн хангамж, гуравдугаарт хосолсон гэсэн гурван төрлийн арга замаар шийдвэрлэх ёстой гэдгийг Монголын газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн гишүүн, доктор (PhD) Х.Эрдэнэбулган хэлж байв.
Хамгийн гол нь, үйлдвэр баригдах асуудлыг шийдвэрлэхээс өмнө түүхий эдийн асуудлыг сайтар судалж ТЭЗҮ-д оруулж явах нь зүйтэй аж. Учир нь, дотоодын газрын тосны нөөцийн нэг чухал хэсэг болох Тосон Уул-19 талбайгаар жишээ авахад 2020 онд оргил олборлолтодоо хүрэх тооцоотой байгаа бөгөөд энэ нь бодит нөөц шавхагдах тал руугаа орж буйг харуулж байгаа ажээ.
Тиймээс түүхий эдийн энэ мэт найдвартай эх үүсвэр байхгүй бол Газрын тосны үйлдвэр “төмрийн хог”-оос өөрцгүй болно гэдгийг судлаачид илэрхийлж байна. Салбарын мэдээллээс харахад Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан зарим компани сүүлийн 2-3 жилд ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байгаа нь харагдаж байгаа юм.
Ийм нөхцөлд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК нь олон нийтэд нээлттэй, мэдээллээ хуваалцдаг, ажлын явцаа тайлагнадаг байхыг “Газрын тос-2018” онол-практикийг хуралд оролцогчид онцолж байлаа.
Энэ удаагийн хуралд “Газрын тосны гүний өрөмдлөгийг үндэсний байгууллага, мэргэжилтнүүд хийх боломж, шаардлага”, “Газрын тосны ашигт үе давхаргад үүсэх скин эффект, сэргийлэх арга зам”, “Газрын тосны олборлолтын талбайн нөхөн сэргээлтийн зарим үр дүн” гэх мэт эрдэм шинжилгээний илтгэлүүд тавигдаж, хэлэлцүүлсэн.