Өмнөговь аймгийн уугуул иргэдийн төлөөлөл тавдугаар сарын 15-ны өдөр мэдээлэл хийлээ. Тэд Тост тосон бумбын нурууны сав газарт хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа “Саусгоби Коал Транс” компанийн талаар мэдээлэл өгөв.
УИХ-ын 2016 оны тогтоолоор Тост тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авсан. Гэвч Засгийн газрын 2017 оны тогтоолоор хилийн бүсийг тогтоохдоо “Саусгоби Коал Транс” компанийн нүүрс олборлож байгаа ашиглалтын талбайг тусгай хамгаалалтаас гаргачихсан. Үүний дараа нутгийн иргэдийн 7-8 нэгдэл тэмцсэн ч мөнгөний өмнө хүчин мөхөсдөж байна гэдгийг МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэллээ.
Тост тосон бумбын нуруунаас нүүрс олборлосон 4-5 сарын хугацаанд 20 гаруй булаг шанд эхнээсээ устаж эхэлжээ. Дөнгөж соёолж байгаа зулзган загийг сүйтгэж байна. Үүнийг анхаарч, хуулийн хүрээнд арга хэмжээ авахгүй бол говийн баянбүрд устаж үгүй болно гэдгийг тэд хэлж байна.
Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 9 уурхай ажилладаг аж. Арав дахь уурхай болсон “Саусгоби Коал Транс” компани анх үйл ажиллагаа эхлэхдээ л хууль бус үйл ажиллагаа явуулсан. Орон нутгийн удирдлага, иргэд хүчрэхгүй байна. Тиймээс Өмнөговь аймгийн иргэд нэгдэж, Тост тосон бумбын нурууг хамгаалах сайн дурын хөдөлгөөн байгуулж, Засгийн газарт хандаж байна. Засгийн газар шударга бусын төлөө тэмцэж байгаа бол Өмнөговь аймгийн Гурвантэс суманд хууль бус үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж, шийдвэрлэж өгөөч хэмээн тэд хүсч байна.