~МСҮТөв оюутан сурагчдаасаа ур чадварын шалгалт авлаа~
Хүүхдүүд МСҮТ-д элсэх сонирхолгүй байгаа нь мэргэжлийн ажилчны үнэлэмж доогуур цалингийн хэмжээ чухал нөлөө үзүүлж байна хэмээн мэргэжлийн байгууллагаас өгүүлж байгаа юм.
Сүүлийн үед их дээд сургуульд цаг хугацаа, санхүү мөнгөө баран байж суралцаад нийт төгсөгчдийн 20 гаруй хувь нь ажилд орж байхад бусад салбарт мэргэжлийн ажилчид дутагдалтай байдал байсаар л байна.
Мэргэжлийн ажил хүнд хүчир. Энэ ч утгаараа төр засгийн зүгээс урамшуулж, дэмжихгүй бол хэцүү нь дамжиггүй. Мэргэжилтэй боловсон хүчин чухал энэ цаг мөчид мэргэжил сургалт үйлдвэрийн төвийг хүүхдүүд төдийлөн зорихгүй байгаад багш нар эмзэглэлтэй байдаг хэмээж байлаа.
Аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь авто машин засвар, барилгын өрөг угсрагч, тогооч, үсчин барилгын засал чимэглэлч, сантехник, барилгын цахилгаанчин, фермерийн аж ахуй эрхлэгч зэрэг мэргэжлүүдээр суралцаж буй 1-2-р ангийн сурагчдаасаа ур чадварын шалгалт авлаа.
Эдгээр мэргэжлүүдээс улирлын чанартай хийгддэг, эзэмшиж гарахад ажлын байр бэлэн байх бүрэн боломжтой төдийгүй, хувиараа ажиллах бүрэн боломжтой гэсэн олон давуу талуудтай онцолж болох юм.
Тус төвийн үсчний ангид суралцаж байгаа сурагчид мэргэжлээрээ орон нутагтаа ахуй үйлчилгээний ордонд дадлага хийж ажиллах бүрэн боломжтой байдаг . Энэ мэргэжлээр суралцаж байгаа сурагчдын хувьд эрэгтэй эмэгтэй үс засалт тайралтуудыг хийж сурсан талаараа дурдлаа.
Улс орны ажиллах хүчний гол цөмийг бэлтгэдэг уурхай бол мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв байдаг. Орон нутагт ажлын байрны орон тоо харилцан адилгүй байдаг. Түүнчлэн улирлаас хамаарсан ажлын байрууд зонхилдог. Иймд эцэг эхчүүд заавал хүүхдээ их дээд сургууль төгсгөх гэж чармайх нь өрөөсгөл ойлголт мэт.
Учир нь орон нутагт мэргэжилтэй боловсон хүчний дутагдал байсаар байна.
Сурагч хүүхдүүдэд сайн ур чадварыг эзэмшүүлэхийн тулд жил бүр ур чадварын шалгалт авч, шалгадаг нь сурлагын түвшинд ахиц гарах том боломж хэмээн сургуулийн захиргааны зүгээс үздэг байна. Эх орныхоо ирээдүйн эзэд , чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд тус төвийн багш мэргэжилтнүүд өндөр хариуцлага үүрсэн гэдгийг холбогдох албаны хүн онцоллоо.
Мэргэжил бүхэн сайхан гэхдээ чадварлаг сайн мэргэжилтэн бэлтгэнэ гэдэг өндөр хариуцлага юм шүү гэдгийг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн багш нар онцолж байна. Хүүхдүүддээ хөдөлмөрийг үнэлэх, ажил мэргэжлийг хар цагаан гэж ялгаварлан үзэх үзлийг бий болгохгүйн тулд хичээх хамт олны зүтгэл биеллээ олсоор байна.
21-р зуунд ямар мэргэжилтэй боловсон хүчин дутмаг байгааг ажиглан, хүүхдэдээ тэр мэргэжлээр суралцах боломжийг олгож өгөх хэрэгтэй гэдгийг мэргэжлийн багш нар онцолж байлаа. Тус төвөөс барилгачин, сан техникч, авто машин засварчин, үсчин, тогооч гээд нийгэмд асар ихээр дутагдаж байгаа мэргэжилтнүүд бэлтгэгдэн гардаг.
Хүүхдүүд өөрийн хийж сурсан зүйлээ энэ өдрүүдэд багш нартаа шалгуулж, өөрсдийн ур чадварыг нэмэгдүүлэхийн төлөө хичээн зүтгэж байна. Тэд аливааг багаас нь сайн хийгээд сурчихвал энэ мэргэжлээрээ хаана ч ажиллах чадварлаг мэргэжилтэн болох нь дамжиггүй юм.