Италийн Венец хотод өнгөрсөн 50 гаруй жилийн турш ажиглагдаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиогоод байна. Тус улсын аяллын жуулчлал цөм болсон энэ хотын тал хувь үерийн усанд автаж, иргэд эд хөрөнгөөрөө хохироод байна.
Италийн Венец хотын албаныхан онц байдалд зарлахад хүрээд байна. Тус хот 1966 оноос хойш ингэж үерт автаж байсан тохиолдолд байхгүй юм. Венец хотын газар нутгийн 45 хувийг ус бүрхээд байгаа төдийгүй энэ байгалийн аюулт үзэгдлийн улмаас нэг хүн амиа алдаад байна. Хотын зарим хэсэг дэх үерийн усны түвшиний 187 сантиметрт хүрч, түүхэн барилга, байшин усанд автжээ.
Венец хотыг зорин очиж буй жуулчдын хамгийн ихээр үздэг алдарт Гэгээн Маркийн сүм 1200 жилийн хугацаанд 6 дахь удаагаа ийнхүү үерт автаад байгаа гамшигт үйл явдал тохиож байна. Хотын дарга Луйги Бругнаро хэвлэлийн хурлын үеэр Венец олон сая еврогийн хохирол амсаж байгааг учирлалаа. Хамгийн таагүй нь ирэх өдрүүдэд Венецэд дахин бороо орох төлөвтэй байгаа юм. Хотын захиргаанаас иргэд болон бизнесийн байгууллагуудыг үерийн улмаас үүсэн хохирлын хэмжээгээ тодорхой гаргахыг хүссэн байна. Эд хөрөнгөөрөө хохирсон иргэд болон байгууллагуудад нөхөн олговор олгох асуудал яригдаж байгаа юм. Венец хотын дарга Луйги Бругнаро энэ байгалийн гамшигт үзэгдлийг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэж үзэж байгаагаа твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Жил ирэх тусам Венец хотын оршин суугчдын тоо цөөрсөөр байгаа юм. Одоо тус хотод 53 000 хүн л амьдардаг байна.