Дэлхий нийтийг цочроож байгаа КОВИД-19 халдварт өвчлөлийн 2 дахь давлагаа эхлэх магадлал өндөр байгаа энэ үед Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа холбогдох албаны хүмүүсийн хамт өнөөдөр ХӨСҮТ-д ажиллалаа.
Энэхүү ажлын хүрээнд ХӨСҮТ-ийн барилгын засварын ажлыг хурдасгах, КОВИД-19 халдварын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах орны тоог нэмэгдүүлэх, шинээр нэмэгдэж буй тусгаарлах өрөө бүрт ариун цэврийн өрөө гаргах, агааржуулалтын системийг бүрэн ажиллуулах болон эмнэлгийн ажилтан, албан хаагчдын сахилга хариуцлагыг чангатгах талаар үүрэг, чиглэл өглөө.
ХӨСҮТ-ийн Элэгний клиникийн засвар дууссанаар КОВИД -19 халдварын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөө 60-аар нэмэгдэнэ. Түүнчлэн тус төвийн лабораториудыг шинэ барилгад төвлөрүүлснээр тусгаарлах өрөө 66-аар нэмэгдэх юм.
Иймд ХӨСҮТ-ийн лабораторийн барилгын ажлыг эрчимжүүлэхийн тулд шаардлагатай нэмэлт хөрөнгийг энэ оны төсвийн тодотголд тусгуулснаар ирэх 10 дугаар сард тус барилга ашиглалтад орох юм.
Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам