~СХД-т нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулав~
Сонгинохайрхан дүүргийн 13, 14, 15 дугаар хороонд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хариуцан ажиллах төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна.
Уг ажлын хүрээнд нийслэлээс хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг иргэдэд хүргэх, тэдгээрийн санал хүсэлтийг хүлээн авах, уламжлан шийдвэрлүүлэх, хорооны үйл ажиллагааг сайжруулах, дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд анхан шатны нэгж, байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан албан хаагчдыг ажлын байранд нь сургаж мэргэшүүлэх, төрөөс үзүүлэх иргэний бүртгэл, халамж, нийгмийн даатгал, архив, газрын албаны үйлчилгээг иргэдэд нэг цэгээс хүргэх зэрэг ажлуудыг холбогдох байгууллагуудтай хамтран Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны иргэний танхимд 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг” хэлбэрээр зохион байгуулж ажиллалаа.
Мөн жил бүрийн 06 дугаар сарын 09-ний өдрийг “Дэлхийн Архивын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жилийн хувьд “Засаглал ба ой санамж, өв” уриан доор үйл ажиллагаа зохион байгуулж байгаа бөгөөд дээрх өдөрлөгийн үеэр Сонгионхайрхан дүүргийн 32 хорооны Зохион байгуулагч, Хэсгийн ахлагч болон бусад төрийн байгууллагын ажилтнуудад “Баримт бичгийг боловсруулах арга зүй” сэдэвт сургалт явуулж, нийт 47 төрийн албан хаагчдад мэргэжил арга зүйгээр хангаж, заавар зөвлөгөө өглөө.
Дээрх арга хэмжээнд нийслэл, дүүргийн холбогдох удирдлагууд болон асуудал хариуцсан мэргэжилтнүүд байлцаж, нийслэл дүүргээс явуулж буй бодлого шийдвэр, үйл ажиллагааг сурталчлан, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, уламжлан шийдвэрлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Өдөрлөгийн үеэр 18 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 5 иргэний хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэж лавлагаа хуулбарыг үнэ төлбөргүй олгосон байна.