~Алт олборлолтын “Улз” групп шинэ экскаваторуудаар шинэчлэгдлээ~
Төв аймгийн Заамар сумын нутагт алтны олборлолт явуулж буй “Улз” групп нь уурхайн техникийн паркаа Caterpillar брэндийн CAT 349, САТ 390 загварын экскаваторуудаар шинэчилж байна. Caterpillar-ийн Монгол дахь албан ёсны дилер “Вагнер Ази” компани дөрвөн шинэ техникийн түлхүүрийг гардуулах ёслол зургаадугаар сарын 4-нд Заамар дахь “Улз” группын уурхайн талбайд зохион байгуулагдсан юм.
Арга хэмжээг албан ёсоор нээж “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн Аналитик, инновацийн газрын захирал С.Цэрэнням үг хэлэхдээ “Эдгээр техник нь түлшний ашиглалтыг 20% хэмнэдэг давуу талтай. “Улз гол” группэд шинэ техникуудын түлхүүрийг гардуулахын зэрэгцээ засвар үйлчилгээний 8000 мот/ цагийн эрхийг өгч байна” хэмээн онцлов. Нээлтийн арга хэмжээгээр “Улз” группын ТУЗ-ын дарга А.Бүрэнбаяр, “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн Худалдааны төлөөлөгч Ц.Баяраа нар тууз хайчиллаа. Мөн энэ үеэр “Вагнер Ази Тоног төхөөрөмж” компанийн Худалдааны Ерөнхий менежер А.Жанчив шинэ хүлгийн жолооч нарт гарын бэлэг гардуулсан юм.
“Улз” групп нь уул уурхай, тэр дундаа алтны салбарт 25 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд “Вагнер Ази” компанитай 1996 оноос хамтран ажиллаж байна. Өнөөгийн байдлаар “Улз” группын Заамар дахь уурхайн техникийн парк нь CAT брэндийн 20 гаруй техниктэй. 2018 он гарснаас хойш шинээр 4 техникээр шинэчлээд байгаа нь энэ.