“Rio Tinto” группийн ирээдүйг тодорхойлох зорилготой зургаан хүний бүрэлдэхүүнтэй старт-ап баг бүрдүүлсэн гэдгээ тус компанийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак мэдээллээ. “Уул уурхайн салбарт ажилласан 137 жилийн түүхтэй компани 10 эсвэл 20 жилийн дараа өнөөдрийнхөөс эрс өөр байх болно гэдэгт итгэлтэй байгаа”-гаа тэрбээр онцолсон байна.
Компанийн үйл ажиллагааг сайжруулах замаар шинэ төрхийг бүрдүүлэх зорилготой байгаа юм байна. Мөн уламжлалт хандлагаас зайлсхийж шинэ өнцгөөр харах зарчмыг голчилж байгаа гэдгийг Жан-Себастьян Жак онцлон хэлжээ. “Rio Tinto” групп Австралийн Вестерн Австралия мужид “Winu” зэсийн орд газар нээсэн нь тус компанийн цаашдын өсөлтөд чухал ач холбогдолтой гэж харж байна. Энэ онд “Rio Tinto” дэлхий нийтийн хэмжээнд хайгуулын ажилд 250 сая ам.доллар зарцуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үүний дийлэнх нь зэсийн хайгуулд зориулагдах юм байна. Тус компани Австралийн Квинсленд муж дахь “Amrun” бокситийн орд газрын 2.6 тэрбум ам.долларын төсөлд онцгой анхаарал хандуулж байгаа юм.
“Rio Tinto”-ийн хувьд яг одоо тулгарч байгаа томоохон асуудлынх нь тоонд Монгол дахь “Оюу Толгой” алт, зэсийн ордын гүнийн уурхайн бүтээн байгуулалтын ажилд гарч байгаа техникийн саатал багтаж байгаа юм байна.