altan

Дөрвөн хүний амь үнэ цэнэтэй байсан уу?

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр Баянголын ам гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Эко-Алтан Заамар” ХХК-ийн ил уурхайд осол болох үед зургаан ажилтан уурхайд ажиллаж байсан. Уурхайн хана нурж нийслэлийн Налайх дүүргийн харьяат иргэн 33 настай Б, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн 27 настай Д нар дарагдсаныг эсэн мэнд гаргасан байдаг.

Ар гэрээ тэжээж, амьдралаа залгуулахаар уулын аманд ажиллаж байсан дөрвөн сайхан иргэний алтан амийг авч одсон аймшигт осол  урьдчилсан байдлаар компанийн буруутай үйл ажиллагаатай холбоотой гэж гарсан. Үүнтэй холбоотойгоор уурхайн ажиллагааг түр зогсоогоод байгаа билээ. Мөн уурхайн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалт явуулж, ослын шалтгааныг тодорхой болгосон ч хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.

                    ~Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайхан~

“Эрүүгийн хэрэг үүссэн учраас хэргийн тухай дэлгэрэнгүй ярих боломжгүй. Аврах ажиллагаатай зэрэгцээд хяналт шалгалт давхар явагдаж байна. Ослыг бүртгэх, судлах комисс одоо хэргийн газарт ажиллаж байна.

Ослын шалтгаан нөхцөл тогтоогдсон хэдий ч хэрэг мөрдөн байцаалтын шатанд бидэнд мэдээлэл өгөх эрх байхгүй” гэсэн бол Шадар сайд Ө.Энхтүвшин “Эко алтан Заамар” ХХК-ийн ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу ажил явагдаагүй. Урьдчилсан байдлаар компанийн буруутай үйл ажиллагаатай холбоотой” гэдгийг хэлсэн.

Мөн тэрбээр, “Компанийн удирдлагууд талийгаачдын ар гэрийнхэнд эхний ээлжид 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж, хүн тус бүрт нь хоёр өрөө байх өгөхөөр болсон. Төр мөн ар гэрийнхэнд тэжээгчээ алдсаны тэтгэмж олгоно. Гэхдээ энэ бол хүн амиа алдсаны хажууд бага зүйл. Тиймээс ар гэрийг нь байнга харж, хандах хэрэгтэй” гэсэн юм.

Харамсалтайгаар амиа алдсан дөрвөн иргэний хоёрыг нь өнгөрсөн баасан гарагт эцсийн замд нь үдсэн бол нэгийг нь өнөөдөр, нөгөөг нь ирэх лхагва гарагт гаргахаар болсон байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тухайн өдөр уурхайд ажиллаж байгаад амиа алдсан хоёр насосчин тус уурхайд ажилд ороод сар ч болоогүй байжээ.

Бид “Эко-Алтан Заамар” ХХК-ийнхантай холбогдож 36 сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж, хоёр өрөө байрыг нь өгсөн эсэхийг нь тодруулахад, “Мөнгөн тэтгэмжийг нь өгөхөөр баталчихсан байгаа. Хүн бүрийн цалингийн хэмжээ өөр байсан учраас 36 сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж нь харилцан адилгүй оногдож байгаа. Байрны тухайд ар гэрийнхнийх нь хүсэлтийг харгалзаж үзнэ. Хоёр нь орон нутагт амьдардаг учраас тэндээ байр авах хүсэлтэй байгаа учраас бид өөрсдийнх нь сонгосон байршилд хоёр өрөө байрны судалгаа хийж байгаа. Энэ долоо хоногтоо багтаад мөнгөн тэтгэмж болон байрыг нь хүлээлгэж өгнө” гэсэн юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих