vzvvlelt

“Оюу-Толгой” компанийн үнэлгээ 55 хувиар буурчээ

Монголд үйл ажиллагаа явуулдаг, гадаадын Хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн компаниудын зах зээлийн үнэлгээ 2018 онд дөрвөн тэрбум ам.доллароор хумигдсан талаар “Asia Mining” сэтгүүл мэдээллээ.

Нью-Йоркийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise Hill Resources” компанийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн онд долоон тэрбум ам.доллароос 3.2 тэрбум ам.доллар болж буурсан байна. 12 дугаар сарын сүүлийн хагаст АНУ-ын хувьцааны зах зээлийн уналтыг дагаж энэхүү хувьцааны ханш буурсныг шинжээчид онцолж байгаа юм.

“Turquoise Hill Resources”-ийн үнэлгээ нь шууд “Оюу Толгой” төслийн үнэлгээ юм. Монголын хамгийн том орд, хөрөнгө оруулалт, эдийн засгийн гол жишиг гэж тодорхойлогддог тус компанийн үнэлгээ 55 хувиар унасан нь Монголын улс төр эдийн засгийн нөхцөл байдлыг хөрөнгө оруулагчид дүгнэж байгаагийн илрэл гэж үзэж байна.

Үүний зэрэгцээ Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголд үйл ажиллагаа явуулдаг хайгуулын компаниудын үнэлгээ 50-71 хувиар буурсан байна. Энэ нь биржийн гол индексийн уналтаас хоёр дахин өндөр байсан байна.

2018 оны тавдугаар сард тус биржид IPO хийсэн “Steppe Gold” компанийн хувьцааны ханш хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэхэд 1.84 канад доллар байсан бол 12 дугаар сарын 30-нд 0.84 болж, 54 хувиар буурчээ. Өөрөөр хэлбэл зах зээлийн үнэлгээгээ 40 сая канад доллароор алдсан байгаа юм.

Монголд хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Erdene Resource Development” компанийн хувьцаа Торонтогийн Хөрөнгийн биржид өнгөрсөн онд 0.58 канад доллароос 0.22 канад доллар болтлоо буурсан байна.

Алтны агуулга харьцангуй өндөр хүдрийн биет нээн илрүүлсэн гэдэг нь тус компани өнгөрсөн онд чамгүй амжилттай ажилласныг илэрхийлж байгаа ч хувьцаа нь ийнхүү унасан байгаа юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих