erdes

Эрдэс бүтээгдэхүүн хоёр сарын экспортын 75 хувийг бүрдүүлэв

2019 оны эхний хоёр сард нийт экспортын 75.5 хувь буюу 826.2 сая ам.долларын экспортыг эрдэс бүтээгдэхүүн бүрдүүллээ. Түүнчлэн 17.9 хувь буюу 195.9 сая ам.долларын экспорт нь үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлсийн экспорт байсан талаар Гаалийн ерөнхий газар мэдээлэв.

Экспортлогдсон эрдэс бүтээгдэхүүнийг зах зээлээр нь задлаад харвал газрын тос, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон цайрын баяжмалыг 100 хувь, чулуун нүүрсний 97.9 хувийг БНХАУ-д нийлүүлсэн байна. Харин жоншны 67 хувийг БНХАУ-д, 31.9 хувийг ОХУ-д нийлүүлсэн талаар Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Хоёрдугаар сард Монгол, БНХАУ-ын Сар шинийн баяр тохиосонтой холбоотойгоор олон хоног дараалсан амралтын өдрүүд үргэлжилсэн бөгөөд энэ нь боомтуудад экспорт буурахад тодорхой хэмжээнд нөлөөлсөн байна.

Монгол Улс эрдэс бүтээгдэхүүн, ялангуяа нүүрсний экспортыг 42 сая тоннд хүргэх зорилт тавиад байгаа юм. Үүнд гааль, боомтын шинэчлэл чухал гэж Cангийн яам үзэж байна. 2019 оны төсөвт гаалийн байшин, барилга, тоног төхөөрөмж зэрэг иж бүрэн шинэчлэлд 80 орчим тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ хүрээнд хилийн боомтуудад эрдэс бүтээгдэхүүн, газрын тос, автобензин, дизель түлшний төрөлжсөн лабораториудыг үе шаттай байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

Мөн гаалийн лабораторийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх зэрэг ажил хийх юм. хэдий тийм боловч “Эдийн засгийн өсөлтийг дэмжих хил гаалийн шинэчлэл оройтож байгаа” тухай “Засгийн газрын мэдээ” сонин мэдээлжээ. Нүүрс, эрдэс бүтээгдэхүүний гол боомтуудад ажил хараахан эхлээгүй байгаа талаар “Шивээхүрэн”, “Булган”, “Бичигт”-ийн боомт мэдээллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих