DeFacto_Jargalsaihan..

Гурван зүйлийг өөрчилж, шинэчлээгүй цагт Монгол Улсын эдийн засаг хөгжихгүй

 ~Эдийн засагч Д.Жаргалсайхан: Гурван зүйлийг өөрчилж, шинэчлээгүй цагт Монгол Улсын эдийн засаг хөгжихгүй~

-Энэ жилийн Эдийн засгийн форумыг хэрхэн дүгнэж байна, мөн үр дүнгийн хувьд хэр хүлээлттэй байгаа вэ?

-Энэ удаагийн форум шинэлэг зүйл нь агуулга талаасаа цахим засаглалыг илүү хөгжүүлэх, оруулах чиглэлд ярьж байна. Ялангуяа хууль журмыг батлахаас өмнө хэлэлцэж ярина гэж байна. Иргэдийн оролцоог бий болгох цахим оролцоог хангана гэж байна. Цахим гарын үсэг, блокчейн зэрэг мэдээллийн шинэ орон зайг харж, шинэ боломжийг эрэлхийлж байгаа нь засаглалын хувьд Монгол Улс томоохон үсрэлт хийх боломж гарч байна уу гэж харж байна. Гэхдээ форум дээр ярих нэг өөр, хэрэгжүүлэх бас нэг хэрэг. Тиймд форумын үеэр ярьсан зүйл хэрэгжиж байна уу гэдгийг Эдийн засгийн форум өөрөө мөрддөг, дагадаг, дүгнэдэг хэлдэг механизм байх шаардлагатай юм. Эдийн засгийн форум өөрөө нийгмийн хөгжлийн дөрвөн том оролцогч болох төр засаг, хувийн хэвшил , иргэний нийгэм, эрдэмтэн мэргэдийн төлөөлөл уулзаж, ярих боломж олгодог ганцхан тавцан байгаа юм. Тиймд форумаас гаргасан зөвлөмжөө ажил хэрэг болгодог, өмнөх жилүүддээ үнэлэлт дүгнэлт өгдөг механизм зайлшгүй шаардлагатай юм.

Гурван зүйлийг өөрчилж, шинэчлээгүй цагт Монгол Улсын эдийн засаг хөгжихгүй

-Гурван тулгуурт хөгжлийн бодлогоор Монголын эдийн засгийг хөгжүүлнэ гэж ярьж байна. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Гурван тулгуурт хөгжлийн бодлого бол шинэ зүйл ерөөс биш. Ямар хөгжлийн бодлого байсан гурван зүйлийг хийж, шинэлчлэхгүйгээр Монгол Улсын эдийн засаг хөгжихгүй. Нэгд, өмчийн асуудал байна. Ер нь бидний капиталист нийгэм рүү шилжсэн гол шалтгаан бол өмчийн асуудал. Хувийн өмч, нийтийн өмчийг ялгаж салгаж баталгаажуулах хэрэгтэй байна. Улаанбаатарын урд хэсгийг БОАЖЯ-ынхан бүгд хуваагаад авчихсаныг хэн ч хариуцлага тооцохгүй байна. Зайсанг аялал жуучлал нэрээр хуваагаад авчихсан. Яармагийн бас Зайсандчихлаа. Туул голын эргийг мөн л Зайсандчихлаа. Энэ бүхний цаана иргэд нийтийн өмчөөрөө хохироод байгаа юм. Энэ бүхнийг ярих ёстой.

Хоёрт, үнийг чөлөөлөх ёстой. Төрөөс цахилгаанаас бусад зүйлийн үнийг чөлөөлөх, хөнгөлөх бүрэн боломжтой. Гуравт, авилгын асуудал байна. Улс төрийн намуудын санхүүжилтийг ил болгохгүй бол юу ч гэж яриад форум хийгээд Монгол Улс хөгжихгүй.

Мөн энэ дашрамд хөдөөг хөгжүүлэх ганц хоёр санаа хэлье. Малын бэлчээрийн даац хэтэрсэн учраас малаас татвар авах хэрэгтэй. Ялангуяа ямаанаас. Ямаа бэлчээрээ идээд, Монголыг идээд, одоо газар тариалангаа идэх гэж байна. Тийм учраас газар тариалангийн бүс нутаг гэж тогтоогоод байгаа юм. 18-р зууны эцсээр Англид хонь үржүүлэх, ноос үйлдвэрлэх нь ашигтай болж Английн цэмбэ үнэд ороод ирсэн чинь Англичууд маш их хонь өсгөж эхэлсэн байдаг. Түүнээс үүдэн хонь хүнээ идэж байна гэж хэлсэн байдаг. Түүнтэй адил Монголд ямаа хүнээ идэж байна. Хөдөөг хөгжүүлэхэд өөр нэг шаардлагатай зүйл бол баг, орон нутгийн удирдах зарчим. Өнөөдрийн моделиор явах боломжгүйг бид бүгдээрээ харж байна.

Төрийн өмчтэй нэрээр намын өмчтэй болсон газруудыг хувьчилж, эмч, сувилагчдын цалинг нэм

-Сүүлийн өдрүүдэд эмч, сувилагч нар цалин нэмэх шаардлага тавьж, жагсаж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Эмч, сувилагч нарын цалинг зайлшгүй шаардлага бий болсныг нийтээрээ харж, хүлээн зөвшөөрч байгаа. Нэмэлт зардал гаргахгүйгээр төсвийн зардлаа танах маягаар эмч, сувилагч нарын цалинг нэмэх шаардлагатай. Төсвийн зардлын хянах хамгийн том арга бол төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудал байгаа юм. Төрийн өмчтэй нэрээр намын өмчтэй газруудыг хувьчилж, эмч, сувилагчдын цалинг нэмэх хэрэгтэй. Нийтийн өмчийг үнэгүйдүүлж байгаа асуудлыг зогсоох шаардлагатай байгаа.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих