Эрсдэлээс нуугдахын тулд өнгөрсөн оноос эхлэн алтаа илүү авдарлах болсон улс орнууд шар металлын нөөцөө энэ онд ч зузаатгаж байна. Дэлхийн улс төр эдийн засгийн төлөв байдал таамаглахын аргагүй болж, эрсдэл, аюул улс орнуудыг сүүдэр адил дагах болсон. Хэлж бус хэзээ ч хийсээд ирж мэдэх энэ эрсдэлийг сөрөхийн тулд алтаар санхүүгийн бамбай хийн, эдийн засгийн дархлаагаа бэхжүүлж байна.
Алтны нөөцөө Зөвлөлт холбоот улс задарснаас хойших дээд цэгт хүргэчихээд байсан ОХУ 2000 тоннд хүрээд буй алтан гулдмайдаа ханалгүй, дахиад ч авдарлаж сууна. Тус улс алтны нөөцөө өнгөрсөн сард нэг сая унцаар нэмэгдүүлсэн. Энэ нь өмнөх оны арваннэгдүгээр сараас хойших хамгийн өндөр дүнд тооцогдож байна.
Ингэснээр сүүлийн арван жилд алтны нөөцөө дөрөв дахин өсгөөд байна. ОХУ АНУ-ын үнэт цааснаас зугтаж, нөөцөө төрөлжүүлэхээр зорьж байна хэмээн шинжээчид тайлбарлаж байна.
Энэ он гарсаар хойд хөршийн алт болон гадаад валютын нөөц 5.7 хувиар нэмэгдэж, 459 тэрбум ам.доллар хүрчээ. Энэ нь ОХУ-ыг ам.долларын хамаарлаас гаргах хойд хөршийн Засгийн газрын бодлогын нэг хэсэг аж.
Хойд хөрштэй зэрэгцээд гадаадын валютын албан нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг БНХАУ алт худалдан авалтаа сүүлийн дөрвөн сар дараалан өсгөлөө. БНХАУ-ын Ардын банк өнгөрсөн сард алтны нөөцөө 0.36 сая унцаар ахиулж, 60.62 сая унцад хүргэсэн байна. БНХАУ нь дэлхийн алтны хамгийн том үйлдвэрлэгч бөгөөд хэрэглэгч юм.
БНХАУ алтны нөөцийн мэдээллээ сүүлийн жилүүдэд нууцалсаар ирсэн. 2015 оны дунд үед тус улсын нөөц 57 хувиар өссөн гэж зарлаж, сүүлийн зургаан жилд анх удаа нөөцийн мэдээллээ шинэчилжээ.
Өнгөрсөн онд дэлхийн улс орнууд нийт 651 тонн алт худалдан авсныг Дэлхийн алтны зөвлөл мэдээлсэн. Энэ нь бүх цаг үеийн түүхэнд хоёрт бичигдэх худалдан авалтад тооцогдож байна. Алтны спот ханш өнгөрсөн оны хоёрдугаар хагаст буурсан. Ам.долларын жолоог атгадаг АНУ-ын Холбооны нөөцийн банк мөнгөний бодлогоо алгуур өөрчлөх дохио өгсөн нь ийнхүү шар металлын ханшийн өсөлтийг саармагжуулсан байна. Goldman Sachs-ийн тооцоогоор төв банкуудын худалдан авалт урт хугацаанд алтны ханшийг дэмжих төлөвтэй. Ирэх саруудад алтны ханш 1450 ам.долларт хэлбэлзэх аж.
• Алтны нөөцөө Зөвлөлт холбоот улс задарснаас хойших дээд цэгт хүргэчихээд байсан ОХУ 2000 тоннд хүрээд буй алтан гулдмайдаа ханалгүй, дахиад ч авдарлаж сууна.
• Өнгөрсөн онд дэлхийн улс орнууд нийт 651 тонн алт худалдан авсныг Дэлхийн алтны зөвлөл мэдээлсэн.
• Өнгөрсөн онд ОХУ, БНХАУ-аас гадна Турк, Казахстан, Энэтхэг, Индонез зэрэг орон шар металлын нөөцөө мэдэгдэхүйц өсгөсөн.
Сүүлийн үед долларгүй жүүлэх нь хэмээх нэр томьёо дэлхийн санхүүгийн салбарт хүчтэй яригдах болж, улс орнууд ам.доллараас хамаарах хамаарлаа бууруулахаар зорьж байгаа. Улс орнуудын удирдагчид ч “ногоон”-ы ноёрхлыг шүүмжилсэн байр суурь илэрхийлэх болсон. Тухайлбал, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Европын корпорацууд АНУ-ын мөнгөн тэмдэгтээс хэт хамаарч байгаа нь улс орны тусгаар тогтнолыг хөндөж байна хэмээн CNN-д өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна. Өнгөрсөн жил Польш, Унгар улс Европын холбооны гишүүдээс хамгийн түрүүнд их алт худалдан авч, шинжээчдийг гайхуулж байв.
Дэлхийн улс орнууд ам.доллараас хамаарах хамаарлаа бууруулж, ханшийн уналт, санхүүгийн савлагаанаас хамгаалахын тулд өнгөрсөн оноос алтны нөөцөө улам өсгөж эхэлсэн. Өнгөрсөн онд ОХУ, БНХАУ-аас гадна Турк, Казахстан, Энэтхэг, Индонез зэрэг орон шар металлын нөөцөө мэдэгдэхүйц өсгөсөн. Тэгвэл алт дагасан хошуурал энэ онд ч үргэлжлэхээр байна.