uul_uurhai

Монголын компаниудыг дэмжин ажиллахгүй байна гэв

Газрын тосны 90 хувийн олборлолтыг явуулж монополь болсон “Петрочайна Дачин Тамсаг” компанийн үйл ажиллагааг Монголын нэр бүхий байгууллагын захирал, тэргүүнүүд буруутгав. Учир нь компани хоёр туслан гүйцэтгэгч компанитай бөгөөд түүний нэг нь 100 хувь Хятад улсын компани байгаа юм. Энэ нь Монголын Ашигт малтмалын тухай хуульд Монгол Улсад бүртгэлтэй, татвар төлдөг компаниудыг оролцуулна хэмээн заасныг зөрчиж байгаа, монгол ажилчдын тоо хангалтгүй байгаа, монголчууд газрын тосны арвин нөөцөө хүртэж чадахгүй байгаа зэрэг асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ талаар,

  “Газрын тосны хөгжлийн шийдэл” ТББ-ын тэргүүн Ё.Бямбадорж хэлэхдээ,

Манай улс өнөөгийн газрын тос, шатахууны хэрэгцээгээ хангахын тулд жилд нэг сая 300 мянган тонн шатахууныг ОХУ-аас импортолж байна. Бид өөрсдөө газрын тосны ихээхэн нөөцтэй хэдий ч ийнхүү гаднын улсаас хэрэгцээгээ хангаж байна.Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн санд манай улс нийт 330 сая тонн газрын тосны нөөцтэй хэмээн бүртгэгдсэн байдаг. Мөн тус салбарт 25 ашиглалтын талбайд нийт 21 компани газрын тосны олборлолт болон ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа юм.Эдгээр компаниудаас нийт олборлолтын 90 хувийг “Петрочайна Дачин Тамсаг” компани явуулж байгаа бөгөөд тус компанид ажиллаж буй монголчуудын тоо хангалтгүй, цөөн тооны нарийн мэргэжлийн ажлыг гүйцэтгэж байгаа ба үлдсэн ажилчдын дийлэнх нь туслах “хар” ажил хийж гүйцэтгэдэг.

 Энэ нь монголчууд хангалттай хэмжээний нөөцтэй хэдий ч өөрсдөө ашгийг нь хүртэж, хангалттай үйл ажиллагаа явуулж, ажиллаж чадахгүй байгаагийн илрэл юм. Иймд бид эдгээр асуудлуудыг хамтран шийдвэрлэж, газрын тосны салбарт монголчуудын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна” гэлээ.

“Гео Петро Инженеринг” ХХК-ны менежер Ш.Жавхлан,

Манай компани 2016 онд байгуулагдсан газрын тосны олборлолт, цооногийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 100 хувийн Монголын хөрөнгө оруулалттай, үндэсний компани юм.Манай улсын газрын тосны 90 хувийн олборлолтыг явуулж буй “Петрочайна Дачин Тамсаг” компанид манай компанийн үйл ажиллагаатай ижил хоёр туслан гүйцэтгэгч ажиллаж байна. Үүний нэг нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани юм. Хэдий Ашигт малтмалын тухай хуульд Монгол Улсад бүртгэлтэй, татвар төлдөг компаниудыг оролцуулна хэмээн заасан байдаг ч тухайн хууль хэрэгжихгүй байгаагийн илрэл. Иймд бид “Петрочайна Дачин Тамсаг” компанид монгол компаниудтай илүү хамтран ажиллаж, боловсон хүчнээ монголчуудаар бүрдүүлж, хамтран ажиллах зэрэг саналыг хүргүүлж байсан удаатай. Гэвч ямар нэгэн хариу одоог хүртэл ирүүлээгүй байна. Тус компанийн хувьд монгол компани болон ажилчидтай хаалттай байдаг тул илүү нээлттэй болж, хамтран ажиллахыг хүсэж байна.Мөн бид улсын холбогдох яам, тамгын газруудад монгол компаниудыг дэмжин ажиллах талаар хүсэлт илгээж байсан, тодорхой хариу мөн ирүүлээгүй байна” хэмээлээ.

 

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих