Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах тус компанийн уурхайд өнгөрсөн сард болсон ослын улмаас дөрвөн хүн амиа алдсан юм. Энэхүү осол нь уул уурхайтай холбоотой Төрийн дээд, доод шатны болон орон нутгийн байгууллагын бүрэн эрх тарамдаж, хэрэгжүүлэх үүргийг салгасны үр дүн гэж Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.
Улсын хэмжээнд гуравдугаар сарын 14-ний байдлаар 3022 тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаагийн 80.8 хувь нь хайгуулынх, 19.2 хувь нь ашиглалтынх байгаа ажээ.
Үүнээс гадна 2018 оны наймдугаар сараас хайгуулын лицензийг сонгон шалгаруулалтаар олгож эхэлснээс хойш нийт 41 талбайд лиценз олгожээ. 2019 онд улсын төсвөөр 24.6 тэрбум төгрөгийн геологи хайгуулын ажил хийхээр төлөвлөсөн байна. 2018 онд 13.35 тэрбум төгрөгийг энэ ажилд зарцуулаад байгаа аж.