Бангладешийн нийслэл Дакка хотод гарсан галын улмаас 2000 байшин, барилга шатаж 50 мянган хүн гэр оронгүй болжээ. Уг гал баасан гарагийн орой Дакка хотын Мирпур дүүргийн ядуусын хороололд гарсан байна.
Ядуусын хорооллын оршин суугчдын дийлэнх нь ойролцоох оёдлын үйлдвэрийн бага цалинтай ажилчид аж. Тус хороололд ажилладаг Абдул Хамид “Би ганц ч зүйлээ авч үлдэж чадсангүй. Цаашид юу хийхээ мэдэхгүй байна” хэмээн Agence France-Presse-д ярьжээ.
Гал гарах үед тус хороололд амьдрагсдын ихэнх нь мусульман шашны “Эйд ал-Ада”-гийн баярыг тэмдэглэн, гэртээ байхгүй байсан аж. Хэрэв тэд гэртээ байсан бол илүү их хохирол учрах байсан хэмээн албаны хүмүүс мэдээллээ.
Бангладешийн Гамшгийн менежмент, Гамшгаас хамгаалах сайд Энамур Рахман гэр оронгүй болсон иргэдэд 500 тонн будаа, 1.3 сая така буюу 15 мянган ам доллар олгоно хэмээн мэдэгдсэн байна.
Галын шалтгаан одоогоор тогтоогдоогүй байгаа ч ажлын хэсгийн дүгнэлт 15 хоногийн дотор гарах аж. Бангладешийн хүн ам шигүү суурьшсан бүс нутагт гарсан гал, дэлбэрэлтийн улмаас энэ жил 100 гаруй хүн амь үрэгдээд байгаа юм.
Эх сурвалж: ОБЕГ