niitiin-teewer

Насжилт нь хэтэрсэн нийтийн тээврийг ашигласаар байх уу…

Насжилт нь хэтэрсэн нийтийн тээврийг ашигласаар байх уу…~

Нийслэл Улаанбаатар хотод сая гаруй хүн амьдардаг. Их хотын завгүй амьдрал өрнөсөөр л. Өдөр бүр 600-700 мянган хүн нийтийн тээврээр үйлчлүүлдэг гэх судалгаа бий. Уг нь, сая хол давсан хүн амьдардаг их хотод дунджаар 2500 автобус үйлчилгээнд явахыг стандарт харьцаа гэж үздэг. Гэвч өнөөдөр 952 автобус иргэдэд үйлчилж байна.

Удахгүй хичээлийн шинэ жил эхэлнэ. Энэ үеэр орон нутгаас нийслэл хотыг чиглэх иргэдийн тоо нэмэгдэж, тэр хэрээр ачаалал ихэснэ. Өглөө бүр хичээл, ажилдаа яарсан хүмүүс нийтийн тээврээр зорчдог ч өнөөх л тухгүй, үйлчилгээ муутай автобусандаа сууна. Нөгөө талаасаа хар утаа хаялсан, хэзээ мөдгүй эвдрэх нь үү гэлтэй автобуснууд үйлчилгээнд явсаар л байна. Энэ нь иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах өндөр эрсдэл үүсгэж байгаа нь нууц биш.

Гэтэл олон улсад нийтийн тээврийн үйлчилгээ, хөгжилд нэлээн анхаарч, чухалчилж үздэг. Харин манайд эсрэгээрээ. Монгол Улс 940327 тээврийн хэрэгсэлтэй. Үүнээс 496720 нь буюу 59 хувь нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байдаг. Нийт авто машины 757157 нь буюу 80 хувь нь 10-аас дээш жил ашиглагдсан гэх судалгаа бий. Харин нийтийн тээврийн том оврын автобусыг дээд тал нь 12 жил ашиглаад жагсаалаас хасах стандарт манай улсад байдаг. Ашиглалтын хугацаа нь хэтэрсэн тохиолдолд тээврийн хэрэгслээс ялгарах бохирдол нэмэгддэг.

Өнгөрсөн жил том оврын автобуснаас 173-ыг нь акталсан. Энэ жил 98 автобусны ашиглалтын хугацаа нь дуусч, үйлчилгээнд явуулахгүй юм байна. Ирэх жилийн хувьд 216 автобусны ашиглалтын хугацаа нь дуусч, үйлчилгээнээс хасагдах төлөвтэй байгаа юм билээ. Түүнчлэн нийтийн тээврүүдийн ашиглаж байгаа түлш стандартад нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй. Авто машины тоо жил өнгөрөх тусам нэмэгдэж байна. Нийтийн тээврүүдэд хийж буй парк шинэчлэлүүд хангалтгүй улмаас тээврийн хэрэгслийн яндангаас гарах утааны тортогшилт нэмэгдэж байна гэж хэлж болно. Ингээд тоочоод байвал дуусахгүй.

Иймээс нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тортогшилтыг шүүх шүүлтүүр тавих, түүнчлэн автобусны парк шинэчлэлээ сайжруулах шаардлагатай байна. Нийслэлийн тээврийн газраас нийтийн тээврийн дизель хөдөлгүүртэй автобуснуудад шүүлтүүр суурилуулах ажлыг эхлүүлсэн. Гэвч нэгэнт ашиглах боломжгүй болсон автобуснуудыг хэдий хүртэл засч, иргэдийнхээ амь насаар дэнжин тавьсаар байх вэ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих