Монголдоо анхдагч бөгөөд цор ганц үйлдвэрийг байгуулж байна. Тодруулбал уул уурхайн барилга байгууламжийн угсралтад шаардагдах инженерийн нарийвчилсан тооцоололтой металл тоног төхөөрөмжийг дахин давтагдашгүй загвараар монгол инженерүүд дотооддоо үйлдвэрлэж байна.
Эрчим хүчний салбараас ажлын гараагаа эхэлсэн хэсэг залуус санаа зорилго нэгдэн, бизнесийн салбарт хөл тавьсан нь одоогийн “Хасу Мегаватт” компанийн эхлэл байсан юм.
Өмнийн говьд Тавантолгой, Оюутолгой ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах их бүтээн байгуулалтад оролцох ажлын санал анх хүлээн авснаар “Хасу Мегаватт” компани уул уурхайн салбарт хүчээ сорих болжээ.
Тэр үеэс хойших өнгөрсөн 12 жилд уул уурхайн салбарт ил болон далд уурхайн байгууламжийн барилга угсралт, металл тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн чиглэлд үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, чадварлаг боловсон хүчнээс бүрдсэн “ZM Engineering” охин компанийг төрүүлсэн байна.
“Хасу Мегаватт” компанийн уул уурхайн салбар дахь анхны ажил нь Ухаахудагийн уурхайгаас эхтэй. “Энержи Ресурс” компанийн төсөл хэрэгжүүлэх талбайд анхны байгууламжаа угсарсан нь Хүнд машин механизмын цехийн барилга байв.
Үргэлжлүүлэн нүүрсний галерей, хими цех, механик work shop зэрэг дэд байгууламжуудыг төслийн талбайд цогцлоожээ. Өнөөдөр Ухаахудагийн уурхайг эрчим хүчээр хангаж буй 18 МВт хүчин чадалтай Цахилгаан станцын барилга ч тус компанийн гүйцэтгэсэн томоохон ажлын нэг юм.
~Монголдоо анхдагч бөгөөд цор ганц үйлдвэрийг байгуулж байна~
Нүүрс угаах үйлдвэрийн II модулийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ Угаах үйлдвэрийн баяжуулах процессийн өтгөрүүлэгч танкуудын хийц, бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг компанийн дэргэдэх багахан цехдээ анх үйлдвэрлэн угсарч, төслийн талбайд суурилуулсан байна.
Үүний зэрэгцээ Нүүрс угаах үйлдвэрт ашиглагдсан усыг дахин цэвэршүүлэх Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэрийн бүх барилга байгууламж, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэн нийлүүлэхийн сацуу шугам хоолойн угсралтыг цогцоор нь хийж хүлээлгэн өгчээ.
“Хасу Мегаватт” компани нь 2006 оноос “Оюутолгой” төсөлд оролцож, тасралтгүй хамтран ажиллаж байгаа юм. Далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлэх үеэс монгол инженерүүд барууны мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажилласнаар мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх гол бааз, дадлагын газар болж байв.
Энэ үеэс барууны уул уурхайн компаниудын стандарт, чанарын шаардлагыг хангасан тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэх компани Монголд ховор, цөөхөн байдгийг анзаарчээ.
Ихэнх бүтээгдэхүүнийг Австрали, Канад, Хятад улсаас импортолно. Зах зээлийн эрэлт, орон зай Монголд байгааг олж харан энэ чиглэлээр компанийнхаа үйл ажиллагааг өргөтгөж, үйлдвэр байгуулах анхны санаа сэдэл эндээс урган гарсан байна.
2012 онд “Хасу Мегаватт” компани төсөл бэлтгэн Япон улсын Жайка байгууллагаас зээл авч чадсанаар өнөөгийн Метал хийцийн тоног төхөөрөмжийн үйлдвэрээ бүрэн утгаар нь байгуулжээ.
Монгол инженерүүдийн байгуулсан энэ үйлдвэрт “Оюутолгой” төслийн гүний уурхайн ачиж, буулгах систем, уурхайн гүн рүү нэвтрэх хөнөг, лифт, ажлын тавцан, налуу амны халаат, агааржуулалтын том оврын хоолойнууд зэрэг тоног төхөөрөмж, хийцүүдийг үйлдвэрлэсэн нь бахархам.
Одоо ч далд уурхайн барилгын ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийг үйлдвэрлэн нийлүүлж байна. “Оюутолгой” төсөл нь Монголын шинэ цагийн уул уурхайн мэргэжилтнүүдэд “ур чадварын уурхай” болж буйн тод жишээ энэ юм.
Үйлдвэр байгуулагдсанаас хойш Овооттолгой төсөл, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт, Эрдэнэт үйлдвэр, Мардай зэрэг томоохон уурхай, үйлдвэрийн байгууламжуудын хийц, тоног төхөөрөмжийг бэлтгэн нийлүүлжээ.
“Саусгоби сэндс” компанийн хэрэгжүүлж буй Овооттолгой төслийн Тэсрэх бодисын үйлдвэрийн барилгын тоног төхөөрөмжийг үйлдвэрлэн, цогцоор нь угсран гүйцэтгэжээ.
Өндөр стандарттай, нарийн технологи шаардсан ийм үйлдвэрийн барилгын хийц, тоноглолыг Орос, Австрали улсаас худалдан авч, Монголд авчран угсардаг байна.
Харин “ZM Engineering” компанийн инженерүүд Австралийн “Орика” компанитай хамтран тус улсын зураг төслийн дагуу метал хийцүүдийг зэвэрдэггүй ган материалаар Монголдоо үйлдвэрлэж, чанар стандартын дагуу үйлдвэрийн барилгыг угсарч хүлээлгэн өгсөн юм.
Металл хийцийн тоног төхөөрөмжийн үйлдвэр нь жилд 1000-1500 тонн металл тоног төхөөрөмж үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэхдээ одоогоор нийт хүчин чадлын 30-40%-ийг ашиглаж байна. Монгол улсад одоогоор хэрэгжиж байгаа уул уурхайн ганц томоохон төсөл “Оюутолгой”-д ажиллаж, энэ төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлж байгаа юм.
“ZM Engineering” компани нь, үйлдвэрлэлийн чанарыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүргэх зорилгоор энэ чиглэлд тэргүүлэх дэлхийн томоохон брэндүүдийн түүхий эд худалдан авдаг. Шведийн SSAB фирмийн Hardox брэндийн элэгдэлд тэсвэртэй ган материалыг Монголд оруулж ирж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Германы Abus фирмээс өргөгч цамхгийн систем авч, ган дам нурууг нь Монголдоо өөрсдөө үйлдвэрлэн, дотоодын зах зээлд нийлүүлж байгаа юм. Мөн 100 гаруй жилийн түүхтэй Шведийн ESAB брэндийн гагнуурын тоног төхөөрөмж, урсгал материалыг импортолж байна.
Өнөөдөр үйлдвэрт 60 гаруй монгол залуус ажиллаж буйн дийлэнх нь инженер, техникийн мэргэжилтнүүд. Харин нарийн тооцоололтой инженерчлэл, ноу-хау шингэсэн технологи, зураг төсөл боловсруулахад одоо ч Канад болон “Оюутолгой” төслийн гадаад мэргэжилтнүүдтэй хамтарч ажилладаг байна.
Түүнчлэн, “ZM Engineering” компанийн мэргэжилтнүүд өөрсдийн хуримтлуулсан мэдлэг туршлага, ур чадвараа монгол залуустаа түгээх зорилгоор Сургалтын төв, үйлдвэрийн дадлагын баазыг байгуулжээ.
Мэргэжил сургалтын төв 2012 онд үүдээ нээж, өнөөг хүртэл 1200 боловсон хүчнийг мэргэшүүлэн бэлтгээд байгаа юм.
Монгол инженерүүд дэлхийн технологид суралцаж, түүнийгээ эх орондоо нутагшуулахаар эрмэлзэж явна.