erdenet-uildver

“Эрдэнэт” тойрсон асуудлууд

М.Энхболдыг УИХ-ын дарга байхад “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах шийдвэрийг парламент гаргаж байлаа. Энэ дагуу нь Засгийн газраас шийдвэр гарч, ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Гэвч Үндсэн хуулийн цэц хийгээд Улсын дээд шүүх дээр Засгийн газрын шийдвэр уначхаад байгаа юм. Тиймээс ч “Эрдэнэт” үйлдвэр тойрсон, 49 хувьтай холбоотой асуудал одоохондоо гацчихаад байгаа. Тэгвэл энэ асуудлыг шуурхайлах чиглэлээр Засгийн газар дахин “хөдөлж” эхэлсэн бололтой.  Намрын чуулганы төгсгөлд ЗГХЭГ-ын даргаар томилогдсон Л.Оюун-Эрдэнэ ч нэлээд шахаж ажиллаж байгаагаа хэд хэдэн удаа мэдэгдсэн.

Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр Засгийн газар, холбогдох албан тушаалтнууд мэдээллээ нэгтгэх хуралдааныг зохион байгуулсан байна. Ням гаригт, Төрийн ордонд болсон энэ уулзалтаас албан ёсны шийдвэр гараагүй ч замын зураг бол тодорхой болсон гэдгийг эх сурвалж өгүүллээ.

Юу гэхээр “Эрдэнэт”-ийн 49 хувь тойрсон сэдвээр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар хамгийн олон удаа ярьсан байдаг. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч бас Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргуулсан. Гэвч УИХ, Засгийн газрын шийдвэр гарснаас хойш нөхцөл байдлууд өөрчлөгдөж, мэдээллийн хувьд Засгийн газрын гишүүд нь хүртэл хоорондоо зөрүүтэй байдалд орсон бололтой юм.

                                                   ~“Эрдэнэт” тойрсон асуудлууд~

Иймд холбогдох албаныхан цуглаж, Засгийн газарт мэдээлэл өгчээ. Тухайлбал, 49 хувийн өмчлөл Сингапур дахь компани руу шилжсэн эсэх гээд шинэ шинэ нөхцөл байдлууд үүсээд байгаа юм. Мөн 49 хувьтай холбоотой шинэ нөхцөл байдлуудаас гадна, Өмнөд Африкийн “Стандарт” банкинд тавьсан гэх 51 хувийн асуудал гээд бүх л төрлийн мэдээлэл өдөр тутам шинэчлэгдэж байгаа. Иймээс Засгийн газар энэ талаарх мэдээллийг холбогдох албаныхныг байлцуулан нэг дор авчээ. Энэхүү уулзалтад “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, хууль хүчний байгууллага гээд “Эрдэнэт”-тэй холбоотой асуудлаар мэдээлэлтэй байж болох бүх талын төлөөлөл оролцож Засгийн газрын гишүүдэд мэдээлэл өгсөн юм байна.

Харин энэ мэдээллийнх нь дагуу хэрхэн ажиллах нь тодорхой бус байгаа юм. Зарим эх сурвалж Салхитын мөнгөний ордыг төр мэдэлдээ авахын өмнө Засгийн газар ийм ажлын хэсгийн уулзалт зохион байгуулсан гэж мэдээлж байна. Гэвч энэ удаад хэрхэх нь, “Эрдэнэт”-ийн 49 хувь хийгээд “Стандарт” банкны барьцаанд байгаа гэх 51 хувийн асуудлаар яах нь тодорхой бус байгаа юм. Харин ойрын хугацаанд “Эрдэнэт” тойрсон сэдэв дахин сөхөгдөх нь тодорхой болж байх шиг.

 

Эх сурвалж: eaglenews.mn

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих