Хүй таслах, эхэс оршоох ёс

Хүүхэд төрсөний дараа эх баригч хүүхдийн эхэс бүрэн гарсны дараа хүйг тасладаг. Зарим газар хүйг нь таслахгүйгээр эхэсийг нь хүүхдийн хүй дээр тавьж боон өлгийдөж нэг хонуулсны дараа тасладаг гэж ярилцаг.Ер нь өнөөгийнх шиг шууд хүйг таслаж бие даан амьсгалуулна гэдэг нь угтаа нэг ёсны хүчирхийлэл юм.

Ихэс хоёр артерийн судсыг нэгтгэсэн том вений судастай. Эхэс гарахгүй удвал түүнийг таталгүй “огиулах” маягаар ховхолж авах хэрэгтэй. Мөн хүйг яаран таслах хэрэггүй. Өнөөгийн эх барихуйн талаарх зааварт “ Хүүхэд төрмөгц хүйг таслахгүйгээр 5-7 минут байлгаж ихэсээс цусыг 100-150 мг-ийг хүүхдэд өгөх ёстой. Ингэснээр гипокси буюу хүүхдэд хүчилтөрөгч багадах аюулыг багасгадаг. Монгол ёсонд шинэ төрсөн хүүхдийн хүйснээс шалтгаалж, удам гарал сайтай эр эм малын тусгайлан бэлдсэн шөрмөсөөр тус тус боодог байжээ. Мөн хүйг чулуун дээр тавьж ган хутгаар таславал хүүхэд тогтдоггүй  айлд  хүүхэд тогтдог хэмээн үздэг ажээ. Харин Хорчин монголчууд хүүхдийн хүйсийг урьдчилан бэлтгэсэн цахиур чулуугаар тасладаг. Энэ нь хүйс хурдан цөгөлдөг гэж үздэг бол “хүйг Халимагууд эрчүүдийн хутгаар, Буриадууд морины хялгасаар уяасны дараа тасалж хүйн дээр мөнгөн зоос тавьж боодог” болохыг 1884 оны “Олон үндэстний хүүхдийн бие бялдарын хүмүүжил ном”-нд бичжээ. Хожим нь галд ариутгасан үйлийн хайчаар хайчлах болжээ. Монголчуудын төрөх зан үйлийн нэг сонирхолтой нийтлэг заншил нь “Эхэс оршоох” зан үйл юм. “Хойтох цөглөж” эхэс унахад эх барьсан хүн “эхэс оршоох” зан үйлийг үйлдэнэ.

Эхэсийг цэвэр цагаан даавуунд боож (зарим газар эсгий уутанд хийж) 3 хоног хадгалаад тариа будаа, есөн эрдэнийн хамт төрсөн газар нь нүх ухан булж чулуугаар дардаг ёстой. Хожим хүүхдээ том болсон хойно нь төрсөн бууц, буйрыг нь зааж өгдөг. Хүүхэд төрсөн буюу “унасан” тэр газарт арц уугиулж, сан тавиад тэнд “оршоох”, мөн өдөр зурхайн  ёст зүг чиг харж, өөр газар “залах” ёс байжээ. Тэгээд ч “хүй дарсан чулуу”, “унасан газар угаасан ус”, Хятад дахь баруун цастын Халхчууд хүүхэд төрсөн газрыг

“хүүхдийн суурь” гэж ярьдаг байна. Мөн эхэсийг “хур үнсэнд” булах, эхэс дээр будаа цацаад “үрийн үйл” гэж хэлээд жингэрт хаяж өгөх зэрэг олон янзын “эхэс оршоох” ёс байсан юм. Хамгийн түгээмэл нь хээр оршоох ёс юм. Хүүхдийн эхэсийг цэвэр даавуунд боогоод зурхайчаас зүг чиг асуун эрүүл, цэвэр газар оршооно. Эхэсийг хүүхдийн эцэг нь авч явдаг. Ингэхдээ хээрийн амьтан хүрэхгүй хад асгатай газар нууж тавих, хээр нүх ухан булаад дээр нь чулуугаар дарах гэх мэтээр оршоодог.

Ер нь эхэсийг цэвэр ариунаар нь байлгах ёстой гэнэ. Эхэс бузартвал хүүхдэд элдэв муу зүйл тохиолддог гэж үзэх ажээ. Энэ бол хүний биед холбоотой байсан зүйлс, тухайлбал үс хумс мэтчилэн салж одсоныхоо хойно ч гэсэн хүнд эргэж нөлөөлөх хүчин чадалтай гэж үздэг уламжлалт ухамсар юм. Тийм ч учраас эхэсийг цэвэр ариун байлгах нь хүүхдийг цэвэр ариун байлгахтай шууд холбоотой гэдэг. Орчин үед эмнэлэгт төрж буй хүүхдийн эхэсийг эмнэлэгийн тусгай хог хаягдалд оруулан шатааж устгадаг болжээ.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
5 (1 vote)

Сэтгэгдэл бичих