Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт “Эрдэнэс стийл” ХХК-ийн хэрэгжүүлэхээр зорьж буй Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталлаа.
Ингэснээр Монгол Улс анх удаагаа Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ-ийг баталж байна гэж “Эрдэнэс Монгол” ХХК-аас мэдээлэв.
Бүтээн байгуулалтын ажил 3.6 жилийн хугацаанд хэрэгжинэ. Уг цогцолбор жилд 500 мян.тн кокс, 300 мян.тн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Мөн коксын, ширэмний, ган хайлуулах үйлдвэр болон ган цувимал бүтээгдэхүүний үйлдвэр, бусад туслах үйлдвэрээс бүрдэх юм. Уг цогцолбор үйлдвэрт Тавантолгой, Могойн голын коксжих нүүрс, Баянгол, Баргилт, Чойр орчмын бүлэг ордуудын төмрийн хүдэр, баяжмалыг ашиглахаар урьдчилан тооцоолжээ.
Төсөл хэрэгжсэнээр 900 гаруй мян.тн коксжих нүүрс, 523.5 мян.тн төмрийн хүдэр, баяжмалын дотоодын хэрэглээг бий болгож, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, цувимал бүтээгдэхүүний импортын хараат байдлыг багасгана. Мөн 1500 орчим шинэ ажлын байр бий болж, жилд дунджаар 87.7 тэрбум төгрөгийн татвар, хураамжийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх урьдчилсан тооцоо гарчээ.
“Эрдэнэс стийл” нь “Эрдэнэс Монгол” компанийн бүрэлдэхүүнд багтдаг юм.