19-28

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил ахицтай явж байна

Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил ахицтай байгаа талаар Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам мэдээллээ. Цахилгаан шугам, төмөр замын ажил дууссан бол авто замын ажил есдүгээр сар дуусах төлөвтэй байгаа аж. Дэд бүтцийн ажлуудыг Хөгжлийн банкны санхүүжилтээр хийж байгаа юм.

“Дэд бүтцийн ажлыг зах зээлийн ханшаас маш их хэмнэлттэй хийж гүйцэтгэх байгаа” гэж “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал мэдээллээ. Энэтхэгийн нэг тэрбум ам.долларын зээлээр санхүүжүүлж байгаа энэхүү газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулна. 2023 онд ашиглалтад орох тооцоотой энэхүү үйлдвэрт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулна гэж тооцоолж байна.

Төслийн менежментийн зөвлөхөөр “Инженерс Индиа Лимитед” компани ажиллахаар сонгогджээ. Тус компани дөрөвдүгээр сард багтаан Монголд ажиллахаар төлөвлөж байгаа талаар Гадаад харилцааны яам мэдээлсэн юм. Газрын тосны үйлдвэр ашиглалтад орсны дараа түүхий эдээ дотоодоосоо хангахаар зорьж байгаа ажээ.

Одоогоор Монголд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин тамсаг”, “Доншин” компаниуд газрын тос олборлон экспортолж байна. “Петрочайна дачин тамсаг” 2019 онд нэг сая 50 мянган тонн, “Доншин” компани 50 мянган тонныг экспортлохоор төлөвлөжээ. 2023 онд үйлдвэр ашиглалтад орох үед нэмж 300-400 мянган тонныг олборлох боломжтой гэж үзэж байгаа талаар Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам мэдээллээ. Тийм учраас эхнээсээ “Петрочайна дачин тамсаг” компани нэмж хайгуул хийж олборлолтоо нэмэгдүүлэх сонирхлоо илэрхийлсэн гэжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих