harmagtain-ord

Хармагтайн ордын алтны нөөцийг 50 тонноор батлуулахаар санал ирүүлжээ

~Хармагтайн ордын алтны нөөцийг 50 тонноор батлуулахаар санал ирүүлжээ`

Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг орших Хармагтайн ордын нөөцийг нарийвчлан тогтоох хайгуулын ажил үргэлжилж буй. Австралийн хөрөнгө оруулалттай “Занаду майнз” компани Хармагтайн ордын хайгуулын лицензийг 30 жилийн хугацаатай эзэмшиж байгаа.

Лиценз эзэмшигч компанийн ЖОРЖ стандартаар Хармагтайн орд нь 680 мянган тонн зэс, 70 тонн алт, нийт 203 сая тонн хүдрийн нөөцтэй хэмээн 2017 онд мэдээлж байсан билээ. Удахгүй Хармагтайн ордын алтны нөөц, хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Уул уурхайн хүнд үйлдвэрийн дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, нөөц батлуулахаар шинжээч томилон ажиллуулж байгааг эх сурвалж мэдээллээ.

Хайгуул хийж буй “Занаду майнз” компанийн хувьд Хармагтайн ордын алтны нөөцийг 50 тонноор батлуулахаар саналаа ирүүлсэн байна. Хайгуулын ажилд зарцуулах хөрөнгө оруулалтаа “Занаду майнз” 100 хувь гарган ажиллаж байгаа бөгөөд 107 сая австрали долларын үнэлгээтэй компани аж.

“Занаду Майнз” болон “Монгол Металс” компаниуд уг төслийн 90 хувийг “Туркойз Хилл Ресурс” компаниас 2014 оны хоёрдугаар сард худалдаж авч байжээ. “Занаду Майнз” компани нь Хармагтай төслийн 76.5 хувийг эзэмших эрхтэй юм байна.

Засгийн газраас “АЛТ-2” хөтөлбөрийн хүрээнд алтны олборлолтыг эрчимжүүлж, ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын лиценз олголтыг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаа.

Одоогоор Гацууртын ордын нөөц 70 тонноор тогтоогдож, ТЭЗҮ болон ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь олгосон байгаа ч иргэний хөдөлгөөний эсэргүүцэлтэй нүүр тулж, гурван жил шүүхийн маргаантай, төсөл зогсонги байдалд байгаа юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаман дээр Гацууртын ордын асуудлаар Ажлын хэсэг гарсан байгаа аж. Үүний араас Хармагтайн ордыг ашиглах асуудал ч яригдаж магадгүй юм.

Хэрвээ Эрдэс баялгийн зөвлөлөөр Хармагтайн ордын алтны нөөцийг баталгаажуулбал ашиглалтын лицензийн асуудал яригдах магадлалтай. Цаашлаад хайгуулын лиценз эзэмшигч компани Засгийн газартай Тогтвортой байдлын гэрээ хийхийг үгүйсгэхгүй. Учир нь, 2017 онд Хармагтайн орд дээр Тогтвортой байдлын гэрээ байгуулахаар хөшигний ард тохирсон гэх мэдээлэл гараад намжсан билээ.

эх сурвалж: itoim.mn

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих