coal_on_ship_350_4eae3fcfe289d

Австралиас БНХАУ-д нүүрсний экспорт 19 хувиар буурчээ

Австралиас БНХАУ-д хийсэн нүүрсний нийлүүлэлт нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 19 хувиар буурсан байна. БНХАУ-ын тал нүүрсний импортын гаалийн бүрдүүлэлт хийх үйл явцыг удаашруулж байгаа учраас Австрали улс Япон, БНСУ-ыг чиглэсэн экспортоо өсгөж байна гэж Кьюнслэндэд төвтэй “New Hope Corp” мэдээллээ.

Тухайлбал, Японыг чиглэсэн экспортыг 10 хувиар, БНСУ-ыг чиглэсэн экспортоо 34 хувиар нэмэгдүүлсэн байна. БНХАУ-ын албаныхан гааль дээр нүүрсний импортыг зогсоогоогүй, харин байгаль орчны бодлогод уялдуулан нэвтрэх хяналтыг чангатгаж байгаа гэсэн тайлбарыг өгөөд байна. БНХАУ-ын Нүүрс тээвэр түгээлтийн холбоо гаалийн бүрдүүлэлт хийхийг түр зогсоосон шийдвэр тавдугаар сараас нааш цуцлагдахгүй байж магадгүй гэж мэдэгдсэн байна. Австралиас БНХАУ-ыг чиглэсэн нүүрсний нийлүүлэлтэд ийнхүү саатал гарч байгаа нь Индонезид хамгийн ашигтайгаар тусаж магадгүй гэдгийг “Credit Suisse” онцоллоо.

БНХАУ-ын зах зээлд эзлэх Индонезийн хувь нэмэгдэж байгааг тэмдэглэжээ. Гаалийн бүрдүүлэлт хийх хугацааг 40 хоногоор хойшлуулах шийдвэр гарсан гэдгийг БНХАУ-ын албаныхан өнөөдрийг хүртэл баталгаажуулаагүй байгаа юм.

Нүүрсний импортыг хязгаарлаж байгаа нь үнэн байгаад зогсохгүй Австралиас орж ирж байгаа нүүрсэнд гаалийн бүрдүүлэлт хийхгүй байгаа боомтын тоо нэмэгдсэн гэдгийг зарим эх сурвалж онцолж байна. Далянийн боомтод хязгаарлалт тогтоогоод байсан бол нэмээд өмнө зүгийн Фанчэний боомтод тээврийн хөлөг онгоцнууд саатаж эхэлсэн гэдгийг Эрчим хүч, таваарын мэдээллийн агентлаг “PLATTS” мэдээллээ.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих