nuursnii-export

Монгол Улс 848.1 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ

~Монгол Улс 848.1 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ~

Гаалийн ерөнхий газраас 2018 оны долдугаар сарын эцсийн байдлаар гадаад худалдааны тайланг гаргажээ. Оны эхний долоо сарын байдлаар манай улсын эрдэс бүтээгдэхүүний экспортын мэдээллийг нэгтгэн хүргэе.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад чулуун нүүрс үнийн хувьд өссөн нь экспортын орлого нэмэгдэхэд голлон нөлөөлжээ. Долдугаар сарын эцсийн байдлаар манай улс 20.5 сая тонн чулуун нүүрс экспортолж, 1.6 тэрбум ам.долларын орлого олжээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 206.6 сая ам.доллараар нэмэгдсэн ч тоо хэмжээний хувьд 304.7 мянган тонноор бага байна. Өнгөрсөн онд 1 тонн нүүрсний хилийн дундаж үнэ 67.3 ам.доллар байсан бол энэ оны үед 78.4 ам.доллар болж өсчээ.

Зэсийн баяжмалын экспортын хувьд мөн л биет хэмжээ бага байгаа ч үнэ өссөн байна. Манай улс 2018 оны эхний долоон сарын байдлаар 848.1 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ. Хилийн дундаж үнэ 1042.3 ам.доллараас 1386.7 ам.доллар болж 344.4 ам.доллараар өссөн байна.

Зэсийн баяжмалын экспорт үнийн дүн өнгөрсөн оныхоос 212 сая ам.доллаар нэмэгдэж 1.1 тэрбум ам.доллар болжээ. /Бусад эрдэс бүтээгдэхүүний экспортын мэдээллийг хүснэгтээс харна уу/

Экспортын бүтцийг авч үзвэл, нийт экспортын 85.0 хувь эрдэс бүтээгдэхүүн, 3.5 хувь алтны экспортод, 7.0 хувь нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспортод тус тус ногджээ. Бусад бүтээгдэхүүний хувьд эхний долоон сард 10.3 мян.тонн адууны мах, 498.9 тн малын дайвар бүтээгдэхүүн экспортолсон байна.

эх сурвалж: Itoim.mn

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих