uul-uurhain-bolowsruulah-uildwer-2019

УУХҮЯ: Боловсруулах үйлдвэрийн ажил ямар шатандаа байна вэ

Нэг тэрбум ам.долларын санхүүжилттэй газрын тос боловсруулах үйлдвэрийг 2023 оны I улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа талаар Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам мэдээлээд байна.

Төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугам

Одоогоор төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугам зэрэг дэд бүтцийн ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ. Барилгын ажлыг 12 дугаар сарын эцсээр зогсоож, гуравдугаар сард эхлэх бөгөөд улмаар ирэх оны III улиралд дуусгахаар зорьж байна. Газрын тосны үйлдвэр ашиглалтад орсноор үйлдвэрээс гарах нэг литр бүтээгдэхүүний дундаж өртөг 0.348 ам.доллар /34 цент/ буюу 850 орчим төгрөг байна гэж тооцож байгаа аж.

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр

Үүнээс гадна зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг Өмнөговь аймгийн Ханбогд суманд барихаар төлөвлөж байна. Хамгийн сүүлд 12 дугаар сард Засгийн газрын хуралдаанаар Ханбогд суманд 466 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан юм. Өмнө нь дурдаж байсанчлан энэ үйлдвэрт жилд 257 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэж, 1.9-2 тэрбум долларын борлуулалт хийх боломжтой гэж өмнө нь албаны эх сурвалжууд мэдээлж байв.

Алт цэвэршүүлэх үйлдвэр

Харин алт цэвэршүүлэх үйлдвэрийн Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах бэлтгэл ажлыг хангахаар Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам ажиллаж байна. Түүнчлэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Мон атом” компани болон “Орано” компанийн хамтарсан “Бадрах энержи” компанийн уран олборлох туршилтын үйлдвэр бэлэн болсон талаар Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам мэдээлсэн юм. Дээрх компани Дорноговь аймгийн Зүүнбаян багийн нутагт орших ураны Зөөвч-Овоо, Дулаан-Уул ордуудын төслийг хариуцаж байгаа ажээ. Харин хувийн хэвшлээс Нарийнсухайтын бүлэг ордод олборлолт хийж байгаа “Өсөх зоос” ХХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр энэ оны долоодугаар сард ашиглалтад орох товтой байна.

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих