medee5 Los Angeles

Лос Анжелес 2024 оны олимпийн наадмын төлөө…

АНУ-ын ҮОХ 2024 онд зуны Олимпийн 33-р наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх дотоодын нэр дэвшигчээ тодруулж Лос Анжелес хотыг сонгосноо албан ёсоор зарлалаа.

Өмнө нь 1932, 1984 онуудад зуны Олимпийн наадмыг хүлээн авч байсан Лос Анжелес хот ийнхүү Их Британий Лондон хотын дараагаар гурван удаа Олимпийн наадмыг зохион байгуулсан хот болох боломжтой болж байна. Өмнө нь нэгдсэн улсыг төлөөлөн 2024 оны Олимпийн төлөө өрсөлдөхөөр болоод байсан Бостон хотын оршин суугчдаасаа олонхийн дэмжлэг авч чадаагүй тул нэрээ татахад хүрсэн.

Улмаар Лос Анжелес хотын захирагч Эрик Гарсеттигийн хичээл зүтгэлийн дүнд ийнхүү тус хот энэхүү эрхийг авч чадлаа. 2024 оны Олимпийн нийслэлийг 2017 онд тодруулах бөгөөд Ром, Парис, Хамбург, Будапешт хотууд нэр дэвшихээ мэдэгдээд байгаа юм. Хэдийгээр Лос Анжелесчууд нэр дэвших эрхээ албан ёсоор авсан ч олон нийтийн зүгээс санхүүгийн асуудалтай холбоотой шүүмжлэлүүд дагасаар байна.

Татвар төлөгчдийн мөнгөнөөс Олимпийн наадмыг зохион байгуулахад үргүй зардал гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллахаа хотын захирагч Эрик Гарсетти мэдэгдэж нийт төсвийг 6 тэрбум доллараас давуулахгүй байхаар төлөвлөснөө ярьсан.

Гэхдээ албан ёсоор санхүүгийн бусад нарийн тооцоо төлөвлөгөөнүүдийг дэлгэрэнгүй танилцуулаагүй хэвээр байгаа юм. ОУОХ нэр дэвшигч хотуудыг 9-р сарын 15 хүртэл бүртгэх ажээ. АНУ хамгийн сүүлд 1996 онд Атланта хотноо Зуны олимпийн наадмыг зохион байгуулж байлаа.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих